&#34Болор цом&#34 хүртсэн шүлэг

Хуучирсан мэдээ: 2015.02.15-нд нийтлэгдсэн

&#34Болор цом&#34 хүртсэн шүлэг

Яруу найрагч Б.Мягмаржав

 

“Болор цом” яруу найргийн наадам өчигдөр Төв аймгийн Зуунмод суманд болж, 32 дахь удаагийн найргийн наадамд яруу найрагч Б.Мягмаржав түрүүлсэн юм. Наадмын дэд байрт Ц.Эрдэнэбаатар, гутгаар байранд О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт М.Баттөмөр, тавдугаар байрт өнгөрсөн жилийн “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц нар шалгарсан билээ.

"Болор цом-32" наадмын тэргүүн шагнал хүртсэн, яруу найрагч Б.Мягмаржавын "Тэнгэрийн татах хүч" шүлгийг толилуулъя.


ТЭНГЭРИЙН ТАТАХ ХҮЧ


Дэнхэл донхолтой амьдралд бүдэрч унахын цаг дор
Дээлийн минь захнаас татаж, тэнгэр намайг босгосон юм
Уйлсан нулимсыг минь тосож аваагүй тэнгэр
Дуулсан дууг минь түрж цуурайлсан юм

Уулга алдахдаа дууддаг хөх тэнгэртээ
Ухаант тархи минь хамгийн ойрхон явдаг
Чоно улихад толгойн үс босч, тэнгэрт улам ойртон
Чонос удмаа тэнгэрийнх гэдэгт итгэдэг би

Эх болсон зургаан зүйлийг энэрэхүйн ухаанаар
Ээтэн гутлын минь хоншоорыг тэнгэр дээш нь татсийм
Өвөг балрын олж ирсэн халуун амь гал голомтыг
Өөрийгөө шатаан байж, тэнгэр дээш нь дүрэлзүүлсэн юм

Эх газрын татах хүчтэй булаалдан байж
Эгц өндөр Алтайн уулсыг тэнгэр татаж босгосон юм
Нүүх үүлсэн зузаан хэвнэгийг сүлбэж гарсан
Нүсэр хотын хээнцэр шилтгээнийг ч тэнгэр татаж босгосон юм

Сарныхаа сүүн гэрлээр хөхүүлэн байж
Нарныхаа халуун алгаар өргөж өсгөсөн тэнгэр минь
Сая живаа оддоо хүний нүдэнд харуулаагүйсэн бол
Сансрын хөлгийг бид яах гэж бүтээх юм бэ?


Хүлэг морь, хийморь хоёроо давхил дундаа юүлсэн
Хүнү эцэгтэй Монголын үрс билээ, бид
Хөрст дэлхийн татах хүчинд
Хөлөө майга болтол татуулсан ч
Зовхиноосоо бол тэнгэр өөдөө татуулсан
Зоригт өвгөдийн үр сад билээ, бид


Газрын зоог хүлгийнхээ нуруу шиг хайрлан
Гангар хун шиг гэртэйгээ нисэн буун жаргасан
Энгэр газраа дэрлэн өвгөдийн бие шингэлээ ч
Тэнгэр таны хэвлийд бурхан сүнс залармой
 


“БОЛОР ЦОМ -32” НААДМЫН СҮҮЛИЙН ШАТАНД ШАЛГАРСАН НАЙРАГЧДЫН НЭРС

1. Х.Алагаа
2. Ш.Анхтуяа
3. Б.Алтанхуяг
4. На.Батболд
5. Ц.Батбаатар
6. Н.Батжаргал
7. Б.Батсайхан
8. М.Баттөмөр
9. Б.Баттулга
10. Б.Болорцэрэн
11. Б.Бүргэд
12. Л.Ганзул
13. Б.Ганхүрэл
14. Э.Гантулга
15. Д.Гомбосүрэн
16. С.Дамдиндорж
17. Х.Дугарсүрэн
18. Н.Мөнхбаяр
19. Б.Мягмаржав
20. М.Наранболд
21. С.Начин
22. М.Отгонбаяр
23. Г.Оргилболд
24. Б.Сарантуяа
25. Б.Сүхбаатар
26. Б.Төгсжаргал
27. С.Ууганбаяр
28. Б.Чулуунцэцэг
29. О.Цэнд-Аюуш
30. О.Элбэгтөгс
31. Ц.Эрдэнэбаатар
32. Б.Энхтөр
33. Б.Очирваань /Өвөрмонгол/
34. Цогбилэг /Өвөрмөнгол/

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж