Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мал аж ахуйн салбарт ажил үйлсээрээ шалгаран Улсын сайн малчны болзол хангасан Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн малчин З.Амарсанаагийн хотонд нь очиж, сайн малчны цол тэмдгийг нь гардуулан өглөө.
Тэднийх Хар хошуу гэдэг газар өвөлжиж байгаа юм. Улсын сайн малчин З.Амарсанаа 20 гаруй жил мал маллаж байгаа бөгөөд түүний ажлын гол амжилт нь байгаль цаг уурын хүндрэлийг отор хийж мал сүргийн хохиролгүй даван туулдаг, мал сүргийн чанарт анхаарч шилмэл үүлдэр омгийн хээлтэгчээр сүргийн бүтцээ сайжруулдаг, бэлчээр, усаа хуваарьтай ашигладаг, өвс тэжээлийн нөөцийг сайн бүрдүүлдэг зэрэг олон арга туршлагатай нь холбоотой гэж орон нутгийн удирдлагууд танилцуулж байна.
Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр гарсан бодлого шийдвэрийг бүтээлчээр хэрэгжүүлж, байгаль, цаг уурын эрсдлийг гарз хохиролгүй даван туулж, нутаг орон, айл саахалтынхаа малчин түмэнд үлгэр дууриалал болж байгаа З.Амарсанаагийн гэр бүлийн малч ухаан, хуримтлуулсан туршлагыг өндрөөр үнэлж, Монгол Улсын Засгийн газраас шалгаруулан өргөмжилж байгааг Ерөнхий сайд хэлээд, гарч байгаа хонин жилдээ мал сүргээ улам өсгөж, эрүүл энх байхыг ерөөлөө. Малчин З.Амарсанаа өнгөрсөн жил 1600 орчим мал тоолуулсан бөгөөд 2007 онд сумын, 2013 онд аймгийн “Сайн малчин”-аар шалгарч байжээ.
Эх сурвалж: www.zasag.mn