Фото: Todd Korol / Reuters
Дэлхийн нефтийн компаниуд хар алтны үнэ унасны улмаас 100 мянган ажилтнаа цомхотгосон тухай Bloomberg агентлагийн тоймд өгүүлжээ.
Америкийн рекрутингийн (HR-менежерүүдийн боловсон хүчний асуудлыг явуулах үйлдэл) Swift Worldwide Resources компанийн ерөнхий захирал Тобиас Рид мэдээлсний дагуу цомхотголын ихэнх хувь нь АНУ-ын нефтийн салбарын занарын нефть олборлох төслүүдэд ноогджээ. Цомхотгол нь Шотланд, Австрали, Бразилийн томоохон төслүүдийг дайрлаа.
“Нефтийн салбарын ажилтнууд тодорхойгүй байдалтай тулгарч байна. Өмнөх долоон жилд бид ажиллах хүчний хомсдолтой тулгарч байсан бол одоо анх удаагаа тэднийг цомотгохыг харж байна. Одоо компаниуд шинэ хүн ажилд авахаа зогсоосон” гэж Рид өгүүлжээ.
Нефтийн томоохон компаниуд BP, Royal Dutch Shell зардлаа 40 тэрбумаар хэмнэх гэж буйгаа хөрөнгө оруулагчдад мэдээлсэн байв. Нефтийн зах зээл сэргэхгүй бол дахин цомхотгол явуулахаа тэр хэлжээ.
Нефтийн сервиз, инженерингийн Wood Group компанийн экс тэргүүн Иан Вуд Их Британийн далайн эргийн нефтийн аж үйлдвэрийн талаар өнгөрсөн сард дүгнэхдээ, нефтийн үнийн уналтын улмаас Хойд тэнгисийн бүсийн салбар 15 мянган ажиллагсдаа халах болно гэсэн байв. Мөн нэгдүгээр сард мянган ажилтнаа цомхотгон нэг тэрбум долларын хөрөнгө оруулалтаа хумиж буйгаа Канадын нефть олборлогч Suncor Energy зарласан юм.
Goldman Sachs банкны шинжээчид ойрын гурван сард америкийн хөнгөн WTI маркийн нефтийн нэг баррелийн үнэ 41 доллар байна гэж дүгнэжээ. Тэд Brent маркийн үнэ 42 доллар байна гэв. Дэлхийн банк дүгнэхдээ, 2015 онд нефтийн үнэ хамгийн доод хэмжээнд байна гэжээ. Хоёрдугаар сарын 13-ны өдрийн байдлаар, LCE бирж дээр Brent маркийн нэг баррелийн үнэ 60,26 доллар хүртэл өссөн байв.Тэр нь өмнөх өдрийн арилжаанаас 1,6 хувиар нэмэгджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР