Технологийн хөгжлийг дагаад Монгол Улсад нийгмийн сүлжээ /фейсбүүк, твиттер, инстаграм/ хэрэглэгчийн тоо хурдацтайгаар нэмэгдэж байгаа ч бусдын нэр хүндэд халдсан контентыг цацах, садар самуунд уруу татсан хаягуудыг нээж, үйлчилгээ үзүүлнэ, авна гэх зарыг ч түгээх болсон. Энэ бол зөвхөн Монголд биш дэлхийн улс орнуудад тохиолдож байгаа зүйл. Нийгмийн сүлжээн дэх хортой контентыг хязгаарлах чиглэлээр улс орнууд ямар зохицуулалт хийдэг, Монголд эрх зүйн орчин ямар байна вэ зэрэг асуудлыг хөндөж, Харилцаа холбооны зохицуулах хорооны Интернет суурилсан үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Т.Батболдтой ярилцлаа.
-Монголд нийгмийн сүлжээ хүчтэй хөгжиж байгаа ч сөрөг тал нь давамгайлах дүр зураг харагдах боллоо. Улс орнуудтай харьцуулахад бид хөгжлөөр хаана нь явна вэ?
-Монгол Улсад харилцаа холбооны салбар өндөр төвшинд хөгжиж байна. Дэлхийн үзүүлэлтээр дунджаас дээгүүр төвшинд эрэмбэлэгддэг. 2018 онд гаргасан статистикаар гар утас хэрэглэгч 4 сая, интернет хэрэглэгч 3.1 сая, фейсбүүкийн 2.1 сая идэвхтэй хэрэглэгчтэй болсон байгаа. Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар өнгөрсөн есдүгээр сард Фейсбүүк компанийн Ази Номхон далай хариуцсан захирал Монголд ирж ажиллах үеэр нэгэн судалгаа танилцуулагдсан нь Монгол Улсын фейсбүүк хэрэглэгчийн хүн амд ногдох харьцаа, интернетийн үнэ, орлогын төвшинтэй нь харьцуулсан үзүүлэлтээр Азидаа нэгдүгээрт орсон. Энэ нь нэг талаасаа фэйсбүүкийн өндөр хэрэглээтэй болсныг харуулах ч нөгөө талаасаа мэдээллийн аюулгүй байдлын тухайд эмзэг байгаагаа харуулсан.
фейсбүүкт олон давуу тал байгаа ч хэрэглээг дагаж гарсан дутагдалтай талууд нь Монголын хэрэглэгчдийн дунд хүчтэй илэрч байна. Тухайлбал, хуурамч хэрэглэгч, зүй бус контент гээд олон зүйлийг нэрлэж болно.
-Улс орнууд хортой контентыг олон нийтэд цацагдахаас нь өмнө шүүдэг гэдэг ч юм уу тодорхой зохицуулалт хийдэг гэх мэдээлэл бий. Монголд хортой контент цацагдсаных нь дараа устгах, хязгаарлах арга хэмжээ авах юм?
-Цахим орчны зохицуулалт тэр дундаа нийгмийн сүлжээний зохицуулалт одоо л олон улсад тогтож эхэлж байна. Эхэн үедээ олон улсад цахим орчин зохицуулалтгүй, хараа хяналтгүй байх ёстой гэдэг үзэл бодол хүчтэй давамгайлж байсан. Гэвч сөрөг тал нь нийгмийн амьдралд нь маш хүчтэй нөлөө үзүүлээд ирэхээр зохицуулалт хийхээс аргагүй гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ чиглэлээр ажиллаж байна. Үндсэн хоёр арга бий. Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчноо тодорхой болгоод технологийн аргуудыг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, технологийн аргаар хууль бус контентыг шүүх, хязгаарлах арга хэмжээ авдаг. Хоёрдугаарт, олон нийтийн мэдлэг, ухамсрыг дээшлүүлэх сургалт тогтмол хийдэг. Ялангуяа хүүхэд залуучуудын дунд цахим хэрэглээг зөв болгох сургалтыг тогтмол зохион байгуулдаг олон улсын туршлага байна. Одоогоор БНХАУ-ын онцгой бүс Тайвань, Австрали, Герман, БНСУ зэрэг хөгжилтэй орнуудад зохицуулалтын арга нь тогтсон. Монгол Улс үүнийг хийхээр оролдож байна. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагын албан ёсны шийдвэр дүгнэлтийн дагуу гэж хэлж болно. Тодруулж хэлбэл, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Оюуны өмчийн газрын албан ёсны дүгнэлт шийдвэрийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо технологийн дэмжлэг үзүүлж, хууль бус агуулгатай зүйл нийтэлсэн вэб сайтын хандалтыг хязгаарлах хүртэл арга хэмжээ авдаг. Агуулга талд дүгнэлт шийдвэр гаргадаггүй, зөвхөн гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэрт технологийн арга хэмжээ хэрэгжүүлдэг юм. Олон улсад ч ийм жишгээр зохицуулалт хийгддэг. Харилцаа холбоо, технологи бүхий л салбарт нэвтэрсэн учраас технологийн компаниараа дамжуулж, хязгаарлалт хийдэг.
-Саяхны жишээ татъя, сошиалаар дамжуулж хотын даргатай холбоотой нэг бичлэг цацна гэж хэд хоног шуугиуллаа. Нэг хэсэг нь хүлээлээ, нөгөө хэсэг нь эсэргүүцлээ. Бусдын нэр төрд халдсан бичлэгийг сошиалаар цацах болоход урьдчилан мэдэж, арга хэмжээ авах боломжтой юу?
-Урьдчилан мэдэж, арга хэмжээ авах боломжгүй. Нийгмийн сүлжээ бол глобаль шинж чанартай. Монгол Улсад сервер нь байхгүй, компани нь байхгүй, гадаадад байдаг. Хууль бус бичлэг ялангуяа бусдыг гүтгэн доромжилсон, нэр төрд нь халдсан бичлэгийг фейсбүүкээр түлхүү цацдаг. Тийм болохоор аливаа зүй бус бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсаны дараа л тархахаас нь сэргийлэх арга хэмжээ авдаг.
-Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нийтлэгдэх контентоо агуулгынх нь хувьд цензурдэж, үнэн бодитой юу, нийгэмд хортой нөлөө үзүүлэх үү гэдгийг нягталдаг. Харин сошиалд энэ төрлийн шүүлтүүр алга. Тэр хэрээр нийгэмд илүүтэй хор хохирол учруулж байна. Зохицуулалт хийх үү, нийгмийн сүлжээнд?
-Харилцаа холбооны зохицуулах хороо нь Фейсбүүк компанитай хамтран ажиллах болсноор нэгдүгээрт, ногоон суваг ажиллуулах, хоёрдугаарт, мэргэжлийн баг сургалт зохион байгуулж, харилцан шууд холбоотой ажиллах, гуравдугаарт, олон нийтийн дунд сургалт зохион байгуулах, дөрөвдүгээрт, хэрэглэгчийн профайлд баталгаажуулалт хийхээр болсон. Жишээлбэл, гадаадад байгаа Монголын Элчин сайдын яамд өөрсдийн фейсбүүк хаягт баталгаажуулалт хийлгээд эхэлсэн. Цэнхэр тэмдэг нь профайл юм.
-Ногоон суваг ажиллуулна гэдэг нь ямар арга хэмжээ авна гэсэн үг вэ?
-Монгол Улсын хуулийг зөрчсөн, хүүхэд, залуучуудад сөрөг нөлөөтэй контентыг фейсбүүкээс устгах, хандалтыг түдгэлзүүлэх, түр зуур хязгаарлах зэрэг арга хэмжээг хурдтайгаар авах сувгийг нээх юм.
Фейсбүүк компанийн төлөөлөгч Монголд дахин энэ сард багтаад ирнэ. Мэргэжлийн багийн сургалт хийнэ. Түүний дараа техникийн суваг нээх ажил бүрэн дуусна. 2019 оны нэгдүгээр сараас бүх ажил тогтворжоод явах болов уу. Олон нийтийн гомдлыг шийдвэрлээд явах боломж ч бий болно. Энэ бол Малайз, Тайвань, БНСУ-д тогтчихсон туршлага. Глобаль шинжтэй флатформ учраас Фэйсбүүктэй хамтран ажиллахаас аргагүй. Хамтран ажиллаад асуудлаа шийдвэрлэнэ.
-Үүрэн холбооны дугааруудыг иргэний үнэмлэхийнх нь регистрийн дугаараар нь бүртгэлжүүлж, баталгаажуулалт хийвэл сошиалаар хортой контент цацахыг хязгаарлаж, мөн энэ чиглэлээр хууль бус үйлдлүүд гарахаас сэргийлэх боломжтой гэх зүйл яригддаг. Энэ асуудалд хороо ямар байр суурьтай байдаг вэ?
-Гар утасных нь дугаараар баталгаажуулалт хийх алхмууд Японд байдаг. Гэхдээ Фейсбүүк компаниас хамааралгүйгээр үүрэн сүлжээний компани нь хэрэглэгчийг фейсбүүк хаяг нээлгэхэл код өгдөг. Тэр кодынх нь дагуу тухайн хүн хаанаас ордог нь тодорхой болдог, гар утас нь цаанаа хэрэглэгч дээрээ 100 хувь бүртгэлтэй байдаг. Манайд одоохондоо хэрэгжих боломжгүй. Нөгөө талаасаа мэдээллийн аюулгүй байдал гэдэг талаасаа эрсдэлтэй. Хувь хүний мэдээлэл алдагдах эрсдэлтэй. Хаа явсан газар нь мөрдөх боломжтой болно. Хэрэглэгчийн аюулгүй байдал, хувийн нууцлал эмзэг болох аюултай.
Ер нь бол цахим орчин дахь зохицуулалт бол хүний хувийн нууцад халдахгүйгээр, хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх зөрчихгүйгээр, хууль бус агуулгатай контентыг хязгаарлах замаар торгон заагийг нь олж зохицуулалт хийх нь зүйтэй юм аа гэдэг нь Герман улсын хуулиас тод харагддаг. Улс орны зохицуулалтыг судлаад үзсэн ч тэр зааг дээр л явдаг юм билээ. Олон нийтийн төлөөллийг оролцуулдаг улс орон ч бий.
-Монгол Улс энэ талын зохицуулалтыг хуульдаа тусгах уу?
-Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг байгуулаад Цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах багц хууль боловсруулахаар ажиллаж байна. Уг хууль батлагдах юм бол цахим орчны зохицуулалт нэг урагшаа алхана.
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Садар самуунтай тэмцэх тухай хууль, Оюуны өмчийн тухай хуулиудад зарим нэг заалт туссан ч цахим орчны хурдыг гүйцэхгүй байна. Тэгэхээр энэ чиглэлийн хууль эрх зүйн орчноо тодорхой болгох шаардлагатай байгаа юм.
-Өндөр хөгжилтэй орнуудад хүүхэд, залуучууд руу хандсан нийгмийн сүлжээний сургалтыг тогтмол зохион байгуулдаг тухай та дээр хэлсэн. Энэ тухай тодруулаач?
-Хүүхэд залуучуудын дунд цахим орчны соёл бий болгох чиглэлээр сургалт хийх нь нэг л арга юм. Тухайлбал, Герман улс 3-5 дугаар ангийн сурагчдад цахим орчны мэдээллийг ялгах, цахим орчинд хэрхэн зөв оролцох талаарх сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Мөн БНСУ, Тайвань, Австралид энэ асуудлыг хариуцсан тусгай нэгж ажилладаг. Сургуулиудад очиж, сурагчдын цахим орчны талаарх мэдлэгийг нь дээшлүүлэх, зөв зохистой мэдээллийг ялгаж мэдэх, сургалтыг бүсчилж, жилийн турш төлөвлөгөөний дагуу зохион байгуулдаг.
-Нийгмийн сүлжээг хамгийн зөв зохистой хөгжүүлж байгаа нь аль улс вэ. Монголд туршлагыг нь нутагшуулах боломж харагдах юм уу?
-БНСУ-ын онлайн контентын зохицуулалтын системийг Монголд нэвтрүүлэх боломжтой юм уу гэж хардаг. Австрали, Сингапур зэрэг орных хатуу, Германых торгууль өндөр, хүмүүсийнх нь ухамсар ч өөр учраас Монголд нэвтрүүлэхэд бэрхшээлтэй.
-БНСУ-ын зохицуулалтаас сонирхуулбал?
-Иргэдийн гомдлыг цахимаар хүлээж аваад холбогдох эрх бүхий байгууллагад нь шилжүүлээд 24 цагийн дотор сөрөг, хууль бус контентыг устгах арга хэмжээ авах үүргийг платформд нь хүлээлгэдэг. Хэрвээ контент баталгаатай гэж үзвэл тухайн вэб сайт дээр дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байж болно. Энэ тохиолдолд гомдол шүүх рүү шилжинэ. Торгуулийг нь платформд тавьдаг. Хүүхдэд сөрөг нөлөөтэй садар самуун, хүчирхийлэл, терроризмыг өдөөсөн, үндэсний аюулгүй байдлын эсрэг олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалан дуудсан контентыг илт хууль бус гэдэг агуулга руу оруулж шууд хаах зохицуулалт ч бас бий. Эргэж зөвшилцөх арга хэлбэр ч байдаг. Олон боломжит арга замыг тодорхойлоод өгчихсөн. Хууль эрх зүйн орчин нь ч тодорхой, зохицуулалтын журам нь ч тодорхой тул маш сайн ажилладаг. Нөгөө талаас технологийн шүүлтүүрийн системийг маш өндөр хэмжээнд суулгасан.
-Фейсбүүк компанид Монголоос нэг хүн төлөөлөл болоод ажиллавал илүү хурдан зохицуулалт хийх боломж байна уу гэдэг зүйл яригддаг. Хэлний бэрхшээл гардгаас хууль бус контентыг устгах зэрэг асуудал цаг алдаж байна уу?
-Фейсбүүк компанийн төлөөлөл өнгөрсөн есдүгээр сард айлчлах үеэр ярилцаж шийдсэн асуудал бол Харилцаа холбооны зохицуулах хороон дээр ажлын хэсэг гарахаар болсон. Ажлын хэсэгт багтах хүмүүс нь мэргэжлийн, англи хэлний мэдлэгтэй, тогтвор суурьшилтай ажиллах хүмүүс байх юм. Фейсбүүк компанид мөн Монголтой харилцах нэг баг ажиллана. Тэгэхээр асуудлыг их хурдан хугацаанд шийдэх боломжтой болно. Цаг хугацааг нь одоогоор нарийн тогтоогүй ч 24 цагаас дотогш шийдэхээр ярилцаж байгаа.
-Хортой контентоос хүүхдийг хамгаалахын тулд эцэг, эхчүүд юуг анхаарах шаардлагатай гэж зөвлөмөөр байна?
-Цахим орчин хүүхэд, залуусын өдөр тутмын хэрэглээ болсон тул эцэг, эхчүүд, сурган хүмүүжүүлэгч багш нар, холбогдох төрийн байгууллага, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа чухал. Наад зах нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ гар утсанд нь хэрэглэгчийн шүүлтүүр программыг суулгачих хэрэгтэй. Интернетэд программ нь үнэгүй байгаа, татаад авах бүрэн боломжтой. Хүүхдийнхээ интернетэд орох цагийг бас тодорхойлоод өгчих боломжтой. Өөрөөр хэлбэл, өдөрт 2-оос илүү цагаар орох боломжгүй байхаар хязгаарлалт хийж болно.
Интернетийн үйлчилгээ эрхлэгч компаниуд айл, өрх албан байгууллагад интернет хүргэхдээ +18 контентыг шүүлтүүртэй хүргэх үүрэг хүлээдэг. Энэ үйлчилгээг нь гэртээ авах боломж бас бий. Хэрэглэгчийн шүүлтүүр программ хэрэглэх юм бол түлхүүр үгээр блоколчихно.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ