Иргэний мэдээллийн төвийн хүнд суртал иргэдийг "айлгаж" байна

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

Иргэний мэдээллийн төвийн хүнд суртал иргэдийг "айлгаж" байна

Иргэний мэдээллийн төвийн хүнд суртал иргэдийг "айлгаж" байна

Монгол Улсын иргэн бүрийн зорьж очиж, үйлчлүүлдэг газрын нэг яах аргагүй Улсын бүртгэлийн ерөнхий газар. Шинэхэн мэндэлсэн үрийнхээ төрсний гэрчилгээнээс эхлээд 16 насанд хүрсэн хүн бүр иргэний үнэмлэхээ авахаар өдөртөө олон арван иргэн УБЕГ-ын харьяа албадаар үйлчлүүлдэг. Үйлчлэгч олонтойдоо юм уу, эсвэл үйлчилж байгаа албан тушаалтан ажилдаа тэнцдэггүйтэй холбоотой юу, тус газрын хүнд суртлын талаар иргэдийн гомдол тасардаггүй. Хэдийгээр УБЕГ-ын ачааллыг багасгасан ч, ажилтнуудынх нь харилцааны соёл, хүнд суртал иргэдийг өнөө ч чирэгдүүлсээр.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-өөс УБЕГ-ын үйлчилгээний нэгдсэн байранд гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхээ больсон. Иргэд гадаад паспортаа төвийн зургаан дүүрэг, "Дүнжингарав", "Драгон", "Мишээл", 7-н буудлын "Оргил" худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзалгүй захиалж авах боломжтой болсон юм.

Гадаад паспортын үйлчилгээ тус байгууллагад нэлээд ажил нэмдэг, энэ үйлчилгээг хөнгөлснөөр ОӨУБЕГ-ын ачаалал хэр багассаныг сурвалжилсан юм.

Өдрийн 12.00 цагт УБЕГ-ын үйлчилгээний нэгдсэн төвд очлоо. Хоёрдугаар давхарт нь Иргэний бүртгэл мэдээллийн төв байрлана. Иргэний үнэмлэхээ алдсан, гээсэн, эсвэл иргэний үнэмлэхийнхээ хугацааг сунгахаар, мөн гэрлэлтээ батлуулахаар лавлагаа авах гэсэн 60 гаруй хүн хүлээж байлаа. Нэгэн үе сандал олдохгүй хэдэн хөгшчүүл газар явган суудаг байснаа бодвол үйлчлүүлж байгаа иргэдэд зориулж урт сандал үүдэн хэсэгтээ байрлуулжээ. Цааш орвол  ажилтнуудын өмнө уртаас урт дараалал үүсчээ.

Ажилчид иргэдэд зөвхөн дугаараар үйлчилнэ гэсэн болзлыг тавьдаг аж. Харамсалтай нь, 12.00 цагт очиход дугаар нь аль хэдийн дууссан байв. Үүнийг зарим хүн “хурган” бизнес болгоно. Овжин сэргэлэндээ ч юм уу ямартай ч дугаар дуусахаас урьтаж хэд, хэдийг халааслаад амждаг бүлэг хүн байна. Тэд дугаар олгож дууссаны дараа ирсэн хүмүүст “хөөрхөн” үнээр зарж орхино.

Энэ зуур “Лавлагаа авах гэж лав гурав хонолоо. Гэтэл бүтсэн юм алга. Хамаг ажил хойшлоод…” хэмээн нэгэн бүсгүй ууртайгаар өгүүлэв. Хажууд нь зогсох залуу залхсан шинжтэй байх агаад тэрбээр гэрлэлтээ бүртгүүлэх гэтэл эндээс лавлагаа авчир гэж тушааж.

Иргэд энд удаан хүлээсэндээ бараг л зодолдох нь холгүй байсан. Хэн нэгнийгээ элдвээр хэлэх, хараах, хэрэлдэх бол юу ч биш. Иргэдийг ийм болтол нь чилээж байгаадаа иргэний бүртгэлийнхэн ч тоосон шинжгүй, ингэж л байдаг юм гэсэн шиг хээв нэг суух.

Нэрээ хэлэхийг хүсээгүй залуу энэ жил 25 нас хүрсэн учраас иргэний үнэмлэхийнхээ хугацааг сунгуулахаар энд ирснээ хэллээ. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхээ аваад очтол Сүхбаатар дүүргийн иргэний бүртгэл мэдээллийнхэн заавал төрсний гэрчилгээний лавлагаа авчрахыг даалгасан аж. Төрсний гэрчилгээ нь байсаар байхад лавлагаа шаардах ямар хэрэг байна? Уг нь Монгол Улсын бүх иргэний мэдээлэл цахимжсан гээд байхад, компьютерээр нэг шалгаад болчих асуудал биш гэж үү. Гэвч, цахим үйлчилгээнээс илүү цаас харж ажлаа хийдэг ард түмэн гэдгээ УБЕГ-т очсон хүн болгон мэдэж авдаг байх.

Иргэний үнэмлэх дээр нь оршин суугаа газрынх нь хаяг байсаар байхад оршин суугаа газрын тодорхойлолт авчир гэсэн тушаал өгдөг гэнэ. Энэ мэтчилэн дахин, дахин иргэдэд ч, төрийн албанд ч чирэгдэл үүсгэж, олон бичиг баримт нэхэх нь Иргэний бүртгэл мэдээллийн төвд ажиллагсдын хувьд түгээмэл үзэгдэл гэж хэлж болно. Магадгүй нэг хүнээс 1000-2000 төгрөгийн төлбөр авдаг болохоор энэ нь тэдний орлого олох бизнесийн нэг арга ч байж болохыг үгүйсгэхгүй. Учир нь, тэнд үйлчлүүлж байгаа иргэд ийнхүү хардаж байгаагаа хуваалцсан юм.

Шинээр иргэний үнэмлэх авах, хаяж гээгээд дахин авахад, сунгалт хийлгэхэд, овог нэр солиулах гээд лавлагаа авалгүйгээр бүтдэг бичиг баримт гэж үгүй бололтой. Эндээс эхлээд л иргэд хүнд суртлыг хангалттай мэдэрч, амсана даа.  Тус төвийнхөн иргэдийг чирэгдүүлдэг, хүнд сурталтай, авлига авдаг гэж шүүмжлүүлээд л байдаг, үйлчилгээ, хандлага, харилцааны соёл нь нөгөө л бахь байдгаараа. Энэ байгууллагаас үйлчилгээ аваад гарсан иргэд ихэнх нь ууртай, бухимдалтай гарах. Уг нь УБЕГ-аар үйлчлүүлсэн хүн болгон инээхээ байг гэхэд сэтгэл дүүрэн гардаг болоосой. Дэлхий ертөнц улам цахимжсаар байхад манай төрийн алба нөгөө л цаастайгаа зууралдаж, иргэдээ залхаасаар. “Эднийх үйлчилдэг бус чирэгдүүлдэг байгууллага юм” гэсэн иргэдийн үгийг ч энд дайя.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж