Үл хөдлөхийн үнийн хөөс, юанийн ханш суларч эхэлсэн зэрэг Хятадын эдийн засагт асуудал их байна. Энэ үед гаалийн тарифын маргаанаас болж АНУ-тай худалдааны дайн эхлүүлсэн нь гүнзгийрвэл Хятадын эдийн засгийн өсөлтөд цохилт үзүүлж мэдэх нь. АНУ-аас энэ он гарсаар Хятадын бараа бүтээгдэхүүний импортод 200 тэрбум ам.долларын шинэ тарифыг тогтоосон юм. Улмаар Хятадын эдийн засгийн өсөлт дэлхийн санхүүгийн хямралаас хойш хамгийн бага өсөлтийг үзүүлж эхэлжээ. Хятадын санхүүгийн систем дэх өрийн нийт хэмжээ тус улсын эдийн засгаас хэд дахин том байгаа юм. Бээжин эдийн засгийн өсөлтийн удаашралыг зориудаар бий болгож, санхүүгийн эрсдэлээс сэргийлэх бодлого барьж буй гэж ажиглагчид үзжээ. Тухайлбал, тус улсын өр нэмэгдэж ДНБ-ий 274 хувьд хүрчээ.
Хятад улс нь зам, гүүр барих, дэд бүтцийн ажлуудад илүүтэй хөрөнгө оруулжээ. Гэвч АНУ-тай худалдааны дайн эхлүүлсэнтэй холбоотойгоор Хятадын засгийн газраас санхүүгийн системд цэвэрлэгээ хийж эхэлснээр бага хүүтэй зээл олох боломж орон нутгийн удирдлага, том компаниудад хумигдаж эхэлжээ.
Санхүүжилтийн хувьд, хүрээлэн буй орчны хувьд хязгаарлалт, зохицуулалтыг засгийн газрын зүгээс чангалснаар 2018 онд дэд бүтэц, орон сууцны бүтээн байгуулалт буурах төлөвтэй байна.
Түүнчлэн ам.долларын ханшийн өсөлт нь юанийн ханш, хөрөнгийн гарах урсгалд дахин дарамт үзүүлж байна. Хятадын мөнгөн тэмдэгт юанийн ханш өнгөрсөн нэгдүгээр сараас хойш есөн хувиар буурчээ. Энэ нь Хятадын экспортын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд үнэгүйдүүлэх эрсдэлийг дагуулж байна.Үүний дээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадад үл хөдлөх хөрөнгийн ханш хоёр дахин нэмэгджээ. Үүнд томоохон хотуудад орон сууцны хүрэлцээ муу, зээлийн хүү бага зэрэг хүчин зүйл нөлөөлсөн аж. Дээр нь Хятадад хүн амын насжилт хурдацтай нэмэгдэж, бизнесийн өрсөлдөөний орчим хумигдсан зэрэг нь асуудлуудын тоог нэмэх аж.
Тэгвэл Хятад улс цаашдаа эдийн засгаа нээх бодлогыг баримтлахыг төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян Сингапурт болсон уулзалтын үеэр мэдэгджээ. Гэтэл санхүүгийн зах зээлийг гадны компаниудад нээлттэй болгох тусам Хятадын ДНБ-нд эзлэх өрийн хэмжээ улам өсч 2022 он гэхэд 320 хувиас давахаар байгааг ажиглагчид хэлж байна.
Эх сурвалж: CNN, Reuters