Цагдаагийн байгууллагад өнгөрөгч амралтын өдрүүдэд /2018.11.08-11.11/ хоногт дунджаар 1500-1800 дуудлага мэдээлэл ирснээс хүн амины гэмт хэрэгтэй холбоотой гурван гэмт хэрэг бүртгэгджээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14-р хороонд “Нарантуул” худалдааны төвийн хойд талын нурсан байшинд хүн нас барсан байна гэсэн дуудлага энэ сарын 9-ны өдрийн 11.25 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагаа явуулахад 34 настай эрэгтэй О нь 34 настай эрэгтэй З-г толгойн тус газарт нь архины шилээр цохиж амь насыг нь бүрэлгэсэн байсан аж. Хэргийн газраас “Хандгай” нэртэй 0.75 литрийн архины шилийг эд мөрийн баримтаар хураан авчээ.
Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай тусламжаар хүргэгдэж ирсэн хүн нас барлаа гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 10-ны өдөр иржээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас хамт сууж байсан нэгийнхээ амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ. Шалгалтын явцад 45 настай эрэгтэй О нь 35 настай Б-тэй маргалдаж зодолдсоны улмаас амь насаа алдсан байна. Иймд цагдаагийн байгууллагаас архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
ДӨНГӨЖ ТӨРСӨН НЯРАЙГ ХӨНӨӨСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЭХИЙГ ХАЙЖ БАЙНА
Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд энэ сарын 10-ны өдрийн 17.35 цагт давуунд боолттой нярайн цогцос байна гэсэн мэдээлэл иргэнээс иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаа нар шалгахад хэргийн газраас дөнгөж төрсөн нярай хүүгийн цогцос эхэстэйгээ олдсон байна. Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр нярайн цогцос гаднын нөлөөтэйгөөр нас барсан болох нь тогтоогдсон аж. Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсээс уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй иргэнийг эрэн сурвалжилж байгаа юм. Хэрэв дээрх хэрэгтэй холбоотой мэдээлэл иргэдэд байвал цагдаагийн байгууллагын 102 утсанд хандахыг зөвлөлөө.
Э.АРИУН