Нийтлэлч Б.Баабарын "Бүү март" гар бичмэлийн эхний хуудсыг сөхвөл "Энэ номыг нууж бичээд, нууж явуулаад, нууж хувилаад, нууж тарааж байсан тэр цагаас хойш 27 жил өнгөрчээ. Нууж тэвчихээ болиод ил ярилцаж, илээр тэмцэж, хувь заяагаа өөрсдөө гартаа авснаас хойш 25 он өнгөрч, хүмүүсийн амьдралын бүтэн үе солигджээ…" хэмээн дурссан байх.
Тэртээ наяад оны сүүлчээр Б.Баабарын “Бүү март” хэмээх гар бичмэл нууцаар тараагдаж, итгэж болох нэгэндээ сэм уншуулж явсан гэдэг. 1988 онд анх бичигдэж, монголын анхны “самиздат” буюу нууц хэвлэлийн шугамаар тарсан энэ бүтээл мянга мянган монгол хүний улс үндсээ гэх ухамсрыг сэрээлцэн, монгол хүн юуг мартах шахсныг эргэн сануулсан юм. 1990 оны ардчилсан хувьсгалын уриа дуудлага, онгодын нэг нь чухам энэ бүтээл байлаа.
“Бүү март XXI” ёслолын үйл ажиллагаа өнөөдөр СТӨ-нд болж байна. Уг хөтөлбөрөөр “Бүү март” зохиолыг хамтдаа эргэн дурсаж, мартаж болшгүй үндэсний ухамсар, сэрэмжээ хамтдаа сэргээсэн юм.
Монголын Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, нийтлэлч Баабар, Ерөнхий сайд асан С.Баяр, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн нарын хүндтэй эрхмүүд өнөөдрийн ёслолд хүрэлцэн ирсэн байлаа. Өнөөдрийн ёслолын зочны хойморьт тухалсан эрхмүүд "Хүмүүн Хорвоо” нийгэмлэг байгуулж “НЭПКО” хэвлэлийн газартай хамтран "Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал гаргаж байгаа юм. Хувь хүний түүхийг өгүүлэх энэ цувралд Б.Баабарын бичсэн Х.Чойбалсан (хоёр боть), Д.Баярхүүгийн “Ж.Батмөнх”, Г.Дашрэнцэнгийн “Д.Бодоо”, С.Лочингийн “Д.Нацагдорж” гэсэн дөрвөн бүтээл багтсан бөгөөд нээлт нь өнөөдөр болсон юм. Энэ үеэр "Бүү март- XXI" хүндэтгэлийн толилуулбар, "60:25 буюу чиний оронд байсан бол…" жүжиг тоглогдлоо.
С.ОТГОН