Дэлхийн цомын өмнө: Лаура Далмайер

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Дэлхийн цомын өмнө: Лаура Далмайер

Магдалена Нойер ид 25 насандаа зодог тайлснаар Герман улсаас биатлоны талбарт хүчтэй өрсөлдөгчгүй болоогүй байсан. К.Вильхельм, А.Хенкель нарын шилдгүүдийн нас явсан тул залуустай тэргүүн байрны төлөө өрсөлдөх боломж бага байв. Тэгвэл одоогоос 2 жилийн өмнө Герман улсаас дахин нэг хүчтэй биатлонч төрөн гарсныг Л.Далмайер тунхаглаж Дэлхийн цомд нийлбэр дүнгээр 23 насандаа түрүүлж “болор” цомыг өөрийн болгосон. Өдгөө Герман улсын эмэгтэй биатлоныг нуруундаа үүрч яваа тамирчин бол Л.Далмайер гээд хэлчихвэл нэг их хол зөрөхгүй болов уу? Мэдээж Германаас В.Хайнц, М.Хаммершмидт, Ф.Пройс, Д.Хер болон Ф.Хильдебранд нарын бүсгүйчүүд байгаа ч хамгийн найдвартай нь Л.Далмайер юм.

Германы өмнөд нутгийн уулархаг нутаг Гармиш-Партенкирхенд төрсөн Лаура 19 насандаа дэлхийн цомд дебьютээ хийж байсан бөгөөд эхний улиралдаа гэхэд шигшээ багийнхаа буухиа багт багтаж шагналын тавцан дээр гарсан. Харин хувийн ганцаарчилсан төрөлд 2014-2015 оны улиралд хоёронтоо алтан медалийг энгэртээ зүүсэн. Энэ үеэс түүний амжилт гэрлийн хурдаас дээшилж байсан юм. Дэлхийн цомд 2012-2013 оны улирлаас эхлүүлээд 6 жил уралдахдаа 2016-2017 оны улиралд нийлбэр дүнгээр ялагч болсон бөгөөд дэлхийн цомын карьерынхаа турш 35 удаа шагналын тавцан дээр гарахдаа 17 удаад нь алтан медалийн эзэн болж байсан. Энэ бол түүний дэлхийн цомд үзүүлээд буй амжилт юм. Тэр ДАШТ-нд анх 2013 онд буухиа төрөлд оролцож байсан бол 2015 оноос хувийн ганцаарчилсан төрлүүдэд өрсөлдөх болж 4 удаа дэлхийн аваргад оролцохдоо 4 алт, 3 мөнгө, 2 хүрэл медалийг хувийн төрөлд, 3 алт, 1 хүрэл медалийг багийн төрөлд хүртсэн. Олимпийн наадамд анх 8 жилийн өмнө Сочид өрсөлдөж байсан ч медаль хүртэж чадаагүй бол энэ жил Пёнчанд 2 алт, 1 хүрэл медаль хүртэж аль хэдий нь дэлхийн шилдэг биатлонч болсон гэдгээ батлан харуулаад байна. Өнгөрсөн улирлын эхэнд бага зэргийн ханиадны улмаас дундаас нь эхлүүлсэн Лаура энэ жил “болор” цомын төлөөх гол өрсөлдөгч байх болно.

Л.Далмайерын амжилтаас: зөвхөн хувийн төрөлд

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж