Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шууран, эрс хүйтрэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулаа. Энэ талаар цаг уурч Ч.Сарантуяагаас тодрууллаа.
-Ирэх лхагва гаригаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, эрс хүйтэрнэ гэх мэдээлэл байна. Арван нэгдүгээр сарын дундуур цаг агаар ямар байх вэ?
-Арваннэгдүгээр сар гарсаар хур тунадасгүй цаг агаар тогтуун байсан. Өнөөдрөөс эрс хүйтэрч баруун аймгийн Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн хойд нутгаар цас орж байна. Мөн ширүүн салхитай, орон шуургатай. Шөнөдөө ялангуяа Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай орчимд хүйтэрнэ. Энэ сарын 14-нд Говь болон Зүүн аймгуудын нутгаар цасаар шуурна. Маргаашаас баруун болон төвийн нутгаар цас орж, тогтоно. Цаашид төв болон зүүн аймгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхитай байж, хүйтний эрч чангарч байна. Томоохон гол Идэр, Тэсийн хөндий, Алтайн уулс, Хангайн уулс, Дархадын хотгор, Хэнтийн уулс, Тэрэлжийн сав, Ерөө, Туулын сав газраар шөнөдөө -25-30 хэм хүрч, өдөртөө -13-18 хэм байх бол Говийн аймгуудын нутгаар шөнөдөө – 8-13 хэм хүйтрэх бол өдөртөө -10 градус байх юм. Ерөнхийдөө арваннэгдүгээр сарын сүүлчээр буюу 20-ны үеэр өдөртөө бага зэрэг дулаарах авч сарын сүүлч 10 хоногийн дунджаар салхи шуургатай хүйтний эрч чангарах төлөвтэй байна.
-Арванхоёрдугаар сард цаг агаарын төлөв байдал ямар байх вэ?
– Арванхоёрдугаар сарын цаг агаарын төлөв энэ сарын 25-наас хойш гарна. Урьдчилсан байдлаар арванхоёр, нэгдүгээр сард баруун болон төв газрын зарим бүс нутгаар дундаж хэмжээнээс бага зэрэг хүйтэн, өмнөх жилүүдээс ахиу цас орж, тогтоно. Төв болон баруун аймгуудын нутгаар цас их орох бол говийн аймгуудад харьцангуй бага цас орно. Энэ нь тухайн үедээ зарим өдрүүдэд нь өөрчлөгдөнө.
– Энэ өвөл олон жилийн дунджаас хүйтэн байх уу ямар төлөв ажиглагдаж байна вэ?
– Сүүлийн жилүүдэд хүйтний эрч янз бүр л байна. Арваннэгдүгээр сар 2009 оноос хойш ихэнх хугацаанд сэрүүн, цас ахиу орсон. Зарим жилүүдэд арванхоёрдугаар сар зарим үед дулаахан болж өнгөрсөн байдаг. Сүүлийн гурван жилд нутгийн 70 хувь олон жилийн дунджаас дулаан байсан. Тиймээс энэ жил тодорхой үе харагдахгүй байна. Ерөнхий төлөвөөр баруун болон төвийн нутгаар цас орох газарт олон жилийн дунджаас хүйтэн байна.
– Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулбал их урт намар болж, цаг агаар тогтуун байна. Гол нууруудын тухайд зайрмагтаж, бүрэн хөлдөж мөстөхгүй гэх анхааруулгыг бас өгөөд байгаа. Үүнийг дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж болох уу?
– Өнөөдрийг хүртэл Монголд харьцангуй дулаахан байна. Хэдийгээр хүйтэрч байгаа ч гол нуурууд хөлдөх хэмжээ болоогүй. Өнгөн хэсэгтээ зайрмагтаж хөлдөх байх. Арван хоёрдугаар сарын дунд үеэс мөс тогтож, гол нуур бүрэн хөлддөг. Тийм учраас иргэд гол нуураар зорчихгүй байхыг анхааруулъя. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж, гол нууруудын мөс хөлдөх хугацаа хойшилж байгааг анхаарах хэрэгтэй. Байгаль цаг уур өөрчлөгдсөн. Зундаа бороо орохгүй, намрын сар урт болсон. Ерөнхий явцаар бол дэлхийн дулаарал өндөр хэмжээнд явагдаж, Монгол орон сүүлийн 70 гаруй жил 2.2 градусаар дулаарсан. Энэ нь мэдээж цаг агаар өөрчлөгдөж байна. Энэ жилийн намар харьцангуй тогтуун байгаа нь цаад утгаараа дэлхийн дулаарлын нөлөө байна гэж харж байна.