Дээлтэй Монголчууд талбайг чимлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Дээлтэй Монголчууд талбайг чимлээ

Өчигдрийг Сүхбаатарын талбай чимэж, Сүхбаатарын талбайг дээлтэй Монголчууд чимлээ. Өнгө өнгийн дээл, үндэсний хувцасаар гангарсан Монголчууд хаа сайгүй харагдаж, найман сартай балчираас наян настай ахмадууд энэ өдөрт зориулан дээлээр гангарчээ.
Энэхүү “Дээлтэй монгол” аялал жуулчлалын нээлттэй өдөрлөгийг “Улаанбаатар хотын аялал жуулчлал – 2015” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр дөрөв дэх жилдээ зо­хион байгуулж байгаа нь энэ аж.
Наадмаар Монгол үндэстэн ястны хувцас, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолтыг гадаадын жуулчид, иргэддээ сурталчлан таниулах зорилготой бөгөөд даяарчлалын зуунд хадгалагдаж үлдсэн өвөрмөц түүх, Монголын эрт­ний соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноор жуулчдын сонирхлыг татах боломжийг нэмэгдүүлж хүү­хэд, залуучуудад нүүдэлчин үндэст­нийхээ түүх, соёлоор бахархаж, хайрлах сэтгэлийг бий болгохыг зорьжээ.
Арга хэмжээнд оролцохын тулд хөдөөнөөс ирсэн, наадамд зориулж дээл хийлгэсэн хүмүүс багагүй байсан нь энэ өдөрт ихээхэн ач холбогдол өгч байгааг харуулж байв.
Наадмын үеэр ардын ур­лагийн тоглолт, мон­гол үндэсний хув­цасны загварын үзүүлбэр, мон­гол гэрийн үзэсгэлэн, ца­мын бүжиг, циркийн тоглолт, үндэс­тэн ястны бүжиг, зэрэг үйл ажиллагаа явагдаж байсан нь үзэгчдыг харах юмтай, зураг­чидыг дарах зурагтай болгож байв. 
Хүмүүсийн хамгийн их хүсэн хүлээж байсан мөч нь Үндэсний дээлтэй хамгийн бяцхан, сай­хан хувцасласан оролцогч шалга­руулах ажиллагаа байв. Үндэсний бөхийн өмсгөлтэй бяцхан бөх­чүүд, ихэмсэг ноёд, уйланхай хатад, тэмцээнд оролцож бай­гаагаа ч мэдэхгүй унтах бяцхан дээлтнүүд, асрамжийн газраас хамт олноороо оролцож буй  найрал дуучид, мээмээ нэхэн ээждээ эрхлэх жанжин гээд л 100 гаруй хүүхдээс ялагчийг тод­руулахад бэрх байсан бололтой.
Ямартаа ч тэр олон хүүхэд дун­даас өөрийгөө харуулж чадсан, тайзан дээгүүр ихэмсэгээр алхалсан нэгэн бяцхан ноён “хамгийн бяцхан” -аар шалгарлаа. Мөн нэгэн бяцхан хатныг шалгаруулсан ч  өөрт нь таалагдаагүй бололтой уйлаад л байлаа.  
Оролцогч бүр өөрийгөө “хамгийн бяцхан” гэж боддог бололтой шалгарч чадаагүйдээ гайхан, гомдон ээж аавыгаа багагүй сандраагаад авав.  
Дараагын арга хэмжээ болох Хамгийн сайхан дээлтэй хосийг шалгаруулалтанд мөн адил нилээдгүй хосууд оролцлоо. Халх, Баяд, Буриад, Хасаг, Казак, Торгууд гээд л өөр өөрийн өвөрмөц өнгө аяс, ондоо хийц, ёс заншилыг харуулсан дээлээ өмсөн оролцов. Энэ л үед үндэсний хувцас эрийг нь ханагар харагдуулж, эмийг нь үзэсгэлэнтэй харуулах ид шидтэй мэт санагдаж байлаа.   
Түүнчлэн Монгол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хосийн шалгаруулалтанд Хятад, Өвөрмонгол гэр бүл, Монгол ээж өргөмөл Голланд хүүгийн хамт, Англи залуу найз бүсгүйгийн хамт оролцон дээлтэй Монголчуудад мэнд хүргэлээ. Өдөрлөг дээрээс буцаж явахад тэмцээн уралдаанд оролцоогүй ч ялагчдаас ч дутахааргүй үндэсний хувцасаар гоёсон хүмүүстэй тааралдсаар байв. Чухам энэ л үед “өдөр бүр ийм байж болдоггүй л юм байх даа” гэх бодол төрж байлаа.   
Б.Энхмандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж