Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 23869 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14  хоногтой харьцуулахад 176 нэгж буюу 13 хувиар, гэмт хэргийн шинжтэй 789 үйлдэл бүртгэгдсэн нь 13 нэгж буюу 1.6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн  хэмжээнд нийт зөрчлийн шинжтэй 23080 дуудлага мэдээлэл хүлээн авсан. Давхардсан тоогоор 1026 чиглэлд 1908 офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж, 53 удаагийн хамгаалалтад давхардсан тоогоор 688 алба хаагч,61 автомашинтай 129.5 цагийн үүрэг гүйцэтгэлээ” гэж танилцуулав.

“Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2935 дуудлага мэдээлэл хүлээн авч 637 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 15.6 хувиар буурсан  үзүүлэлттэй байна. Тээврийн цагдаагийн албанаас “Илрүүлэлт-оргодол-шийдвэрлэлт 2018”, “Аюулгүй бүс-Аюулгүй тээвэрлэлт”, “Дүүрэг”, “Зэвсэг”, “Хяналт-Шалгалт” нэгдсэн, хэсэгчилсэн арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж ажиллаж байна” гэж Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод агаарын температур шөнөдөө 8-16 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, салхины хурд 5-8 м/с байх төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 139 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 130, эрэн хайх, аврах ажиллагааны 9 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагаанаас нийт 12 иргэн, 80 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан” гэж танилцуулав.

“Манай газраас өнгөрсөн хугацаанд нийслэлийн Засаг даргын А/168 дугаар захирамжийн хүрээнд 25 байршилд зам талбайг чөлөөлж, газрын зөрчлийг арилгасан. Мөн зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн импортлосон байдалд хяналт шалгалт хийж, БЗД-ийн 10, 14 дүгээр хороонд байрлах Их сүлд группын хашаа, Орнитал Велнессийн каргоны хашаанд зориулалтын бус тээврийн хэрэгслээр хүнсний бус бараа бүтээгдэхүүнтэй цуг тээвэрлэсэн гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй, холбогдох баримт бичиггүй, хүнс импортлоход тавих хууль ёсны шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон зөрчлийг илрүүлж, түр хугацаагаар битүүмжлэн, Зөрчлийн хэрэг нээж, бүтээгдэхүүн тус бүрээс дээж авч лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсэн” хэмээн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн 2019 оны төсвийн төсөл, Өмч хувьчлалын жагсаалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлуудыг боловсруулж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах, Он дуустал үлдэж буй хугацаанд төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, өр авлагыг барагдуулах, газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалыг шуурхай зохион байгуулснаар төсөвт төвлөрөх орлогын бүрдүүлэлтийг ханган ажиллах, 2020 оны Хүн ам, орон сууцны улсын тооллогыг нийслэлд зохион байгуулах, тооллогын бэлтгэл ажлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавьж, Тооллогын комиссын ажлыг эрчимжүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/577 дугаар захирамжийн хэрэгжилтийг танилцуулах, мөн ханиад томуугийн үе эхлэх гэж байгаа тул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүд урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж