Xуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2015.02.13-нд нийтлэгдсэн

Xуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Зөрчлийн тухай хуулийн болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

 

Чуулганы өнөөдрийн /2015.02.13.Баасан гараг/ үдээс хойших хуралдаан цаг сунган хуралдаж Зөрчлийн тухай хуулийн болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж нар танилцуулав.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад харилцааг зохицуулсан 220 гаруй хуулиар тогтоосон захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал агуулга, хууль зүйн техникийг баримтлан Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд албан ёсны санал авахаар 181 байгууллага, судлаачдад хандсанаас давхардсан тоогоор 125 байгууллагаас 1800 орчим санал ирснийг хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, А.Бакей нарын тавьсан асуултад ажлын хэсгээс хариулт өглөө.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, ажлын хэсэг хуулийн төсөл дээр сайн ажиллах хэрэгтэйг анхааруулж байр сууриа илэрхийлсэн юм.

 

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа байнгын хорооны саналаар Зөрчлийн тухай хуулийн болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 95,7 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлж, өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж