-"Үндэсний лиг" өнөөдөр 17.30 цагаас, ням гаригийн 11.30 цагаас болж, өндөрлөх юм-
Монголын ширээний теннисний холбооны ес дэх удаагийн “Үндэсний лиг” ирэх ням гаригт буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр өндөрлөнө. “Оч” клубт болж буй уг тэмцээний гуравдугаар тойрогт эрэгтэй, эмэгтэй тус бүр найман тамирчин хоёр тойрогт өрсөлдөж аваргуудаа тодруулах юм. Тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолт өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн бол ирэх ням гаригт сүүлийн тоглолтууд болж, лигийн аваргууд тодорно.
Одоогоор нэгдүгээр тойргийг эрэгтэйчүүдээс “Өег” компаний тамирчин ОУХМ Э.Лхагвасүрэн 18 оноогоор тэргүүлж, “Төмөрт өргөө” компанийн тамирчин ОУХМ Г.Бэгз 18, “Мон лаа” компанийн тамирчин, спортын мастер Б.Билэгт 16 оноогоор удаалж байна.
Улсын хоёр удаагийн аварга, ОУХМ Э.Лхагвасүрэн.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд “АПУ” компанийн тамирчин, спортын мастер Б.Должинзуу 21 оноогоор тэргүүлж байгаа бол “Мон лаа” компанийн тамирчин, ОУХМ Б.Батхишиг 18, “Бласт” компанийн тамирчин, спортын мастер, залуу тамирчин М.Дэлгэрмаа 16 оноогоор удаах байруудад бичигдэж байна.
Энэ тэмцээнд өндөр амжилттай тоглож буй 16 настай залуу тамирчин Б.Должинзуу эхний тойрогт хамгийн хүчтэй өрсөлдөгч болох улсын зургаан удаагийн аварга, ОУХМ Б.Батхишигийг хожсон бөгөөд хоёрдугаар тойргийн эхний гурван тоглолтод хожил аваад байна. Мөн залуу тамирчин, 17 настай М.Дэлгэрмаа хоёрдугаар тойргийн эхний гурван тоглолтод хожил аваад байна.
Нэгдүгээр тойргийн дүнг хүргэж байна.
“Оч” ширээний теннисний клубт болж буй Үндэсний дээд лигийн ес дэх удаагийн хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолтууд баасан гаригийн 17.30 цагаас, ням гаригийн 11.30 цагт болно. Мөн ирэх амралтын өдрүүдэд багийн төрлөөр явагдаж буй “Хөгжлийн лиг”-ийн сүүлийн тоглолтууд болох юм.
Ч.БОЛОР