”Хар сарнай” ахин цэцэглэв

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

”Хар сарнай” ахин цэцэглэв

Үндэсний үзэл, эх оронч сэтгэлгээг уриалан уран бүтээлээ хийдэг Монголын анхны реп, техно  “Хар сарнай” хамтлаг 18 нас хүрчээ. Үндэсний их баяр наадмын үдэш Сүхбаатарын талбайд “Хар сарнай” хамтлаг 18 насны ойгоороо “Бид эх орондоо хайртай” тоглолтоо үнэ төлбөргүй хийлээ. Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбооноос жил бүр наадмын үдэш уламжлал болгон зохин байгуулахаар болсон “Бид эх орондоо хайртай”  тоглол­тын салхийг хагалан удтал чимээгүй байсан “Хар сарнай” хамтлаг тэр л цоглог, дайчин  эрч хүчээрээ эргэн тайзан дээр гарч ирлээ.
Тоглолтыг  “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Мөөжиг, Цоомоо нар хөтлөв. Хөгжилтэй хоёр хөтлөгч маань үзэгчдийг байлдан дагуулан жанжны талбай доргитол “уухай” өргөн тоглолтонд ирж ая дуугаа өргөсөн хамтлаг дуучдыг тайзнаа урин залав. “Нэгэн зүгт”, шинэ залуу хамтлаг “SS”, зохиолын дуучин  соёлын тэргүүний ажилтан Т.Төрмөнх, Энх-Эрдэнэ, “L-Guards”,  “Take off”-ын Бяасук, Quiza,” Ice top”, Дижитал, Хар тас хамтлагууд болон охидын бүжгийн  “Sound of kiss” хамтлаг ирж ая дуугаа өргөн “Хар сарнай” хамтлагт болон  нийт наадамчиддаа мэндчилгээ дэвшүүлэн талбай дүүрэн цугласан олныг доргиов. Тоглолтын бас нэгэн сюрприз яах аргагүй “Харанга”-ын Лхагваагын дуулсан “Толин хул”, “Чингис хаан” хамтлагийн Жаргалсайханы дуулсан  “Чингис хаан” дуунууд байлаа. Мөн холын Польшийн Истебна хотын ардын дуу бүжгийн “Истебна” хамтлаг ая дуугаараа монголын ард түмэнд мэндчилсэн. “Хар сарнай” хамтлаг хэсэг чимээгүй байж гэнэт гарч ирсэн шигээ нэгэн дор энэхүү тайзан дээр үе үеийн урлагийнхныг цуглуулан гайхалтай тоглолтоор бэлэг барьсан.
Шоуны оргил хэсэг эхлэн тоглолтын  гол баатрууд маань тайзан дээр эртний баатар эрсийн тоноглол бүхий улаан хослолтой гарч ирэн “Дуу минь” дуугаараа бут авлаа. Тэднийг санан хүлээсэн үзэгчид хоолой нийлүүлэн дуу бүрийг нь даган дуулж байгаа харагдсан шүү. Хар сарнай одоо ч  эрч хүчтэй хэвээрээ гэдгээ энэ үдэш тайзан дээрээс нотолсон. Үеийн үед дуулагдсаар ирсэн доргио хэмнэлтэй “Хас”, “Хүннү гүрэн”, “Монгол улсынхаа төлөө зүтгэе”, “Бүтээнэ, сөнөөнө”,”Дайтах ч болно, мөргөх ч болно”, “Тийм биз дээ”, “Шөнийн охин”, ”Ээж минь”, “Миний нутаг” дуунуудын хамт тэдний эрч хүч нь бадарсан цоглог бүжгүүд үзэгчдийн цусыг хөөргөн дуу нэгтээ уухайн түрлэг дор тоглолт гайхалтай үргэлжилж байлаа.
“Сэсээр улсаас гаралтай
Сэвсгэр цагаан цаасан дээр
Дурлаж бичсэн захидлын минь
Дугаар номер нэг шүү…” хэмээн эгшиглэдэг энэхүү дууг мэдэхгүй монгол хүн ховор биз ээ.
Төрийн далбаагаа тахисан тоглолтын тайз засал, хөгжим дуугаралт, гэрэлтүүлэг, бүх цаг үеийн хит болсон дуунууд эгшиглэн дурсамж сэргээсэн энэхүү үдэш “Хар сарнай” хамтлаг үзгчдийг гурван цагийн турш байлдан дагуулж чадсан. Тэд 2004 онд хийсэн “Аабан Бээбэн” дуугаа дуулсан нь тоглолтыг нь сүүлийн жилүүдэд тэсэн ядан хүлээж байсан үзэгч, фенүүднд нь шинэхэн бэлэг болсон шүү. Энэ үдэш Чингис хааны дэлхийн академи тэргүүн П.Давааням  “Хар сарнай” хамтлагт өргөмжлөл гардууллаа. Тус өргөмжлөлд “Хар сарнай”  хамтлаг нь монголын урлагийг биедээ уламжлуулан шингээж дэлхийд бахархуулан, соён гэгээрүүлж үнэнчээр өндөрт өргөж яваа тул Чингис хааны илч хамтлагаар цуу алдрыг нь мөнхлөн олгож байна” хэмээжээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар тайзнаа “Хар сарнай” хамтлагт болон нийт наадамчиддаа мэндчилгээ дэвшүүлэн урьд нь жил болгон тэмдэглэдэг байсан  “Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг сэргээн хийж байхаар болсныг хэлэв.
Жанжны талбайд хурсан олон үзэгчдийн дунд Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар хүүгээ дэмжихээр ирсэн байв. Тэрбээр тоглолтын төгсгөлд тайзан дээр гарч ирэн “Хар сарнай”  хамтлагийн дуун дээр хамтдаа бүжих  энэ л сайхан мөчид Монгол бүжгийн урлагийн гал голомт болсон Сэвжидийн Сүхбаатар, Сүхбаатарын Амармандах нараар бахархахаас аргагүй байлаа. Түүнчлэн “Хар сарнай” хамтлаг Монголын үе, үеийн реп, техно хамтлагуудыг энэ үдэш нэгэн тайзнаа нэгтгэсэн нь жинхэнэ сюрприз болсон. Санасан шүү” Хар сарнай”… 18 насны төрсөн өдрийн мэнд хүргэе.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж