Ираны эсрэг хориг арга хэмжээ бидэнд ашигтай

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Ираны эсрэг хориг арга хэмжээ бидэнд ашигтай

Ираны эсрэг хориг арга хэмжээ бидэнд ашигтай

Худалдааны маргаантай байдал болоод томоохон хориг арга хэмжээнүүд Монгол Ул­сын эдийн засагт ямар нөлөө­тэй талаар эдийн засагч Н.Энх­баяртай ярилцлаа. Ираны эсрэг хориг арга хэмжээ нэг талаараа манай улсад ашигтайгаар эргэж болохыг тэрбээр онцолж байв.

-Монголбанкны валютын зах зээл дэх интервенцийн хэм­­жээ ямар түвшинд байгаа вэ. Цаа­шид валютын ханшид ямар өөрчлөлт гарах бол?

-Сүүлийн хоёр жилд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-тэй холбоотойгоор хөрөнгийн эх үүсвэр багагүй орж ирсэн. Энэ нь валютын ханшийг тогтвортой барьж, төлбөрийн тэнцлийг сайжруулахад ихээхэн дэмжлэг болсон. Хэрэв гадаад худалдааны нөхцөл байдал таатай бөгөөд экспортын үнийн түвшин хэлбэлзэхгүй бол Монголбанк интервенц хийх шаардлага байхгүй. Харин гадаад худалдаа алдагдалтай гарах, экспортын орлого буурах, төлбөрийн тэнцэл алдагдах үед л интервенц хийх шаардлага бий болно. Оны эцэст манай улсын гадаад худалдааны нийт эргэлт 12 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байна. Харин Монголбанк 2018 онд нэг тэрбум ам.долларын интервенц хийхээр байгаа нь гадаад худалдааны нийт эргэлттэй харьцуулахад боломжийн тоо юм.

-Төсөв тэлж буй энэ үед мөн­гөний бодлогыг хумих хэрэгтэй гэж зарим шинжээчид ярьж байна. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

-УИХ-д өргөн бариад буй төсөв өмнөх оныхоос харьцангуй тэлсэн байна. Хэрэв есөн их наяд төгрөг байхаар тооцсон төсвийн орлогоо бүрдүүлж чадвал эдийн засагт сөрөг нөлөө байхгүй. Харин төлөвлөсөн хэмжээний орлого бүрдэхгүй тасалдвал энэ хэмжээгээр төсвийн алдагдал бий болно. Ийм нөхцөл байдал үүсэхгүй бол төв банк мөнгөний бодлогыг хумих гэх мэтээр хөдөлгөх шаардлагагүй. Төсвийн бодлогын үр дүнг богино хугацаанд харах боломжтой байдаг бол мөнгөний бодлого эсрэгээрээ илүү урт хугацаанд алсыг харсан байдаг.

-Эдийн засгийн өсөлтийг тооцоолсон найман хувьд нь хүргэхэд юу гол эрсдэл болох вэ?

-Манай улсын эдийн засаг жил ирэх тутам уул уурхайн салбараас хамааралтай болж байна. Экспортын 90 хувийг уул уурхайн түүхий эд бүр­дүүлж буй. Мөн ойрын хуга­цаанд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн томоохон төслүү­дээс шинэ нисэх онгоцны буу­дал барихаас бусад нь дандаа уул уурхайн төслүүд байгаа юм. Тэгэхээр 2022-2023 онд шинээр нэмэгдэх экспортыгн орлогыг мөн л уул уурхайн түүхий эд бүрдүүлэхээр байна. Манайх шиг орны уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн өсөлтөд гадаад зах зээлийн эрсдэл хамгийн их нөлөөлдөг. Тухайлбал, хэдий хэмжээний түүхий эд олборлож, гадаад зах зээлээс ашиг олохоос бүх зүйл хамаарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, экспортын нөхцөл таатай байх ёстой. Экспортын нөхцөл байдлыг таатай байлгахын тулд дотоод боломж, дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй. Харин гадаад зах зээлээс хамааралтай зүйл нь худалдан авагч орны зах зээлийн эрэлт хэрэгцээ, түүхий эдийн үнэ ханш юм. Энэхүү гадаад зах зээлээс хамааралтай хүчин зүйлийг бид шийдэж чадахгүй ч нөхцөл байдлыг ажиглаж, шуурхай арга хэмжээ авах боломжтой.

-БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч эхэлсэн. Үүнийг шин­жээчид худалдааны мар­гаан­тай холбон тайлбарлаж бай­гаа. Энэ нөхцөл байдал ма­най улсад яаж нөлөөлөх бол?

-Хориг арга хэмжээнүүд болон худалдааны маргаантай байдал дэлхийн эдийн засгийн худалдааны чөлөөт урсгалыг хязгаарлаж байгаа. Харин Хята­дын эдийн засагт гарч байгаа бүхий л өөрчлөлтүүд манай ул­сад шууд нөлөөлж чадахгүй. Яагаад гэвэл манай улс гол төлөв БНХАУ-ын хойд бүс нутгуудтай худалдаа хийдэг. Тийм болохоор Хятадын хойд бүс нутгийн эдийн засаг л манай улсад илүү хамааралтай.

-Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хоригтой холбоо­тойгоор газрын тосны ханш нэлээн хэлбэлзэх хандлагатай байна. Таны бодлоор газ­рын тосны ханш цаашид тогт­вор­той байх боломж бий юу?

-Зарим хүн хаа хол байдаг Ираны асуудал манай улсад тийм ч их нөлөөтэй биш гэж бодож байгаа байх. Гэхдээ Ираны хориг манай улсад шууд нөлөө үзүүлж байгаа. Одоогийн байдлаар манай улс жилд 700 орчим сая ам.доллараар газрын тосны хэрэглээгээ хангаж байна. Харин 2013, 2014 онуудад 1.3 тэрбум ам.долларыг импортын газрын тосонд зарцуулсан. Тухайн үед буюу Иранд хориг тавьсан үед манай улс зөвхөн газрын тосны үнийн өсөлтөд жилдээ 500-600 сая ам.доллар илүү зарцуулж байсан. Өөрөөр хэлбэл, 2012-2014 он хүртэлх гурван жилийн хуга­цаанд газрын тосны импортод уг хоригоос улбаалан 1.5-1.8 тэрбум ам.долларын илүү төлсөн. Шатахууны үнэ өсөхөд ОХУ-ын татвар нөлөөлөөд байна гэж боддог ч бодит байдал тийм биш. Газ­рын тосны импортын хи­лийн үнийг тооцоолдог суурь томьёо­лол дэлхийн зах зээлийн үнээр тодорхойлогддог. Энэхүү томьёо­лолд Ираны хориг арга хэмжээ нөлөөлөөд байгаа хэрэг юм. Энэ сарын 4-нөөс эхлэн хэрэгжих хориг арга хэмжээ нь зөвхөн газрын тосны олборлолт төдийгүй газрын тосны худалдаа, тээвэрлэлт болоод Ираны төв банкаар дамжих гадаад худал­дааны төлбөр тооцоонд хориг тавьж буй юм. Европын зарим орон энэхүү хоригийн эсрэг байр суурьтай байгаа. Тиймээс одоогоор энэ хориг Мон­голд хэрхэн нөлөөлөхийг сайн мэдэхгүй юм. Нэг талаараа ашиг­тай ч байж мэдэх юм.

-Яагаад энэ хориг манай улсад ашигтай байж магадгүй гэж?

-Хятадын зах зээлд үйл ажил­лагаа явуудаг Америкийн 270 гаруй бизнес эрхлэгчдийн дунд “Энэ хориг арга хэмжээний дараа юу хийх вэ?” гэсэн санал асуулга явуулсан байна. Үүнд 90 орчим бизнес эрхлэгч Азид өөр зах зээл рүү бизнесээ шилжүүлнэ гэсэн байна. Тэгэхээр тэрхүү хөрөнгийн урсгалыг Монгол руу татах боломж бий болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж