УИХ-ын гишүүн С.Оюун ээжийнхээ дэлгэцэд мөнхөрч үлдсэн орос эмчийн дүрд тоглохоор болжээ. Сар шинийн баяраар үзэгчдэд хүрэх “Гайхамшигт дэлгэц” нэвтрүүлэгт Монголын кино урлагийн сор болсон алтан үеийнхний бүтээсэн шилдэг дүрүүдийг өнөөгийн жүжигчид амьдруулах юм байна. Тухайлбал, “Сэрэлт” киноны орос эмчийн дүрд Доржпалам гуайн охин С.Оюун гишүүн, Цагааны Цэгмид гуайн бүтээсэн дүрд түүний хүү ардын жүжигчин Ц.Төмөрбаатар, Бумаа авгайд жүжигчин Ааяа буюу Алтанцэцэг тоглох гэнэ.
“Гайхамшигт дэлгэц”-д тухайн киноны орчин нөхцөл, ахуй амьдрал, хувцас хэрэглэл бүх зүйл нь яг кинон дээрх шигээ байлгахын төлөө уран бүтээлчид ажиллаж байгаа гэсэн. Энэ нь Монголд үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан төсөл юм байна. Энэхүү төслийг гавьяат жүжигчин Н.Батцэцэг санаачилж, “Монгол кино нэгтгэл”-ийн захирал Ж.Солонго удирдан хийжээ.
Эх сурвалж: www.polit.mn