Залуус улс төрийг аварна

Хуучирсан мэдээ: 2015.02.13-нд нийтлэгдсэн

Залуус улс төрийг аварна

Арван зургаан он ойртох тусам улс төрд шинэ үзэгдлүүд гарч ирж байна. АН-д гэхэд фракциудынх нь тоо хоёроор нэмэгдсэн бол МАН дотор хуваагдал сэмхэн явагдаж байгаа гэх мэдээлэл бий. Мөн Монголын улс төрд шинээр хэд хэдэн нам байгуулахаар болсон талаарх яриа ч  өвлийн хүйтэн өдрүүдэд хүчээ аван жигүүрлэж байна.

Тэгвэл улс төрд бас нэгэн шинэ үзэгдэл бий болгохоор, Монголын улс төрд шинэхэн агаарыг оруулж ирэхээр “Хөгжил-Хүн” клуб бий болжээ. Тус клуб өнөөдөр “Blue sky” тауэрт анхныхаа нээлттэй форумыг амжилттай зохион байгууллаа. Энэ клубыг эдийн засаг, хуулийн салбарт нэр хүндтэй залуучууд байгуулж байгаагаараа онцлогтой аж. Улс төрийн шат дамжлагаар явж байгаагүй, ёс зүйн хувьд цэвэр, салбарын шилдэг мэргэжилтнүүдийг нэгтгэсэн “Хөгжил-Хүн” клубийнхэн форумын үеэр боловсрол, нийгэм, эрүүл мэнд, эдийн засаг, улс төр зэрэг сэдвүүдээр гишүүд илтгэл тавьсан.

Илтгэлийн төгсгөлд “Хөгжил-Хүн” клубын зохицуулагч С.Боргил “Өнгөрсөн 25 жилийн турш Монголд улстөрийн хоёр нам ээлжлэн ноёрхсоор “МАНАН”-гийн дарангуйлалд орчихоод байна. 2012 оны сонгуулийн дүнд УИХ-д гуравдагч хүчин суудал авдагч хүчгүйдээд байна. Тиймээс Монгол Улсын төрд шинэ салхи үүсгэхээр “Хөгжил хүн” клубынхэн нэгдсэн. Бид Монголоо гэсэн чин сэтгэлтэй залуусаар эгнээгэ энэгтгэж, хөгжлийн шинэ гарцыг олж шийдэхээр зорьж байна. Улстөрийн өнөөгийн бохир шатаар явахгүй, цэвэр ёс  суртахуунтай, чадварлаг мэргэжилтнүүдийн хүчээр үүргээ умартсан, бодлогоороо бус явцуу эрх ашиг, хувийн сонирхлоороо нэгдсэн ард түмнээ хувааж талцуулсан намуудыг халах зорилготой.  Тиймээс “Хөгжил хүн” клуб салбар салбарынхаа мэргэжлийн технократуудыг нэгтгэж, Монгол улсаа аврах, улстөрийн шинэ хүчнийг зохион байгуулах болсон” хэмээн мэдэгдсэн юм.

 Тус клубынхан монголчуудын маргаашийн илтгэл алдарсаар байгааг мэдэгдэлдээ дурдсан юм. Тэд “Одоогоос 25 жилийн өмнө цагаан морин жилд хувь заяагаа сонгож байхдаа бид хоорондоо ялгаагүй байлаа. Тэр цагаас хойш хэрэглээ, хөрөнгө, эрх мэдэл, орлого ер нь байж болох бүх л харьцуулалтаар бид хоорондоо эрс тэс болж бидний ондоошил туйлдаа хүрч байна. Бидний нийгэм, орчин, тогтолцоо бидний төлөө ажиллахаа больжээ. Ийм нийгэмд шударга ёс, үнэт зүйлс оршихгүй ээ. Тиймээ маргаашийн итгэл биднээс улам холдсоор байна. Бидний хүсээгүй ардчилал болчихлоо. Энэ бүхэн, бид ирээдүйгүй, итгэлгүй нийгэмтэй нүүр тулаад байна. 990 оноос хойш Монгол Улс эдийн засгаа 4 дахин өсгөж чадсан боловч нийгэмд бий болгосон бүтэц, тогтолцооны балгаар бидний ихэнх маань энэ өсөлтөөс хүртсэнгүй ээ. Тогтолцооны хямрал, хүртээмжгүй нийгэм маань улсын хамгийн үнэтэй баялаг болох хүнийг хөсөр хаяж, Монгол хүн үнэгүйдлээ” хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.

Ийнхүү Монголын улс төрд шинэ өнгийг нэмэхээр залуус сэтгэл шулуудлаа. Ирэх хавраас клубынхээ үйл ажиллагаа эрчимжүүлэх бодолтой байгаагаа зохицуулагчид нь хэлж байна.

 М.ЯЛАЛТ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж