УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 66 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Төсөлд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, гадаад зээлийг нэмэгдүүлэх боломжийг нээж өгөх замаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж, эдийн засаг агшихгүй байх нөхцөлийг хангах. Эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн нийт тэнцлийг алдагдалгүй болгож, хувийн хэвшилд ирэх ачааллыг зөөлрүүлж, ажлын байрыг хадгалах. Дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэх, эрсдэл даах чадварыг сайжруулах зэрэг үндсэн чиглэл, цогц агуулга бүхий Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг тусгасан байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх суурь тавигдаж, төлбөрийн тэнцлийн хүндрэл арилж, хямралт байдлыг эрсдэл багатайгаар даван туулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нар “Тогтоолын төсөл нь шаардлага хангахгүй байна” гэсэн асуудлыг хөндөв. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Засгийн газрынхаа бодлогыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь дэмжихгүй байгааг ойлгохгүй байна. Хямралыг даван туулах бодитой нөхцөл үүссэн” гэсэн юм.
Чуулганы хуралдааныг завсарлуулах цаг болсон ч хэлэлцэх асуудлаа урагшлуулахын тулд хуралдааны цагийг сунгаад байна.
Хуралдаанаар одоо Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна.
Г.ДАРЬ