"2016 онд виферон лаанд 1.9 тэрбум төгрөг зарцуулсан"

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

"2016 онд виферон лаанд 1.9 тэрбум төгрөг зарцуулсан"

"2016 онд виферон лаанд 1.9 тэрбум төгрөг зарцуулсан"

Вируст өвчинд өргөн хэрэглэдэг виферон лааны үр дүн олон улсад нотлогдоогүй, эмчилгээний удирдамжид ороогүй гэх үндэслэлээр тус лааны эмчилгээний үр дүнг нотлохыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шаардаад байгаа юм. Түүнчлэн Д.Сарангэрэл сайд “2016-2018 онд ЭМЯ-ны хүсэлтээр Азийн хөгжлийн банк санхүүжүүлэн олон улсын болон үндэсний эксперт, зөвлөхүүд, мэргэжлийн багийг оролцуулан  “Улсын эмнэлгийн эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах" төсөл хэрэгжүүлэх явцдаа эмчилгээний үр дүн нь нотлогдоогүй эмэнд эрүүл мэндийн даатгалаас ихээхэн санхүүжилт хийж байгаа тухай дүгнэлт хийж ЭМЯ-ны Эмийн хэлтэст өгсөн” талаар мэдээлсэн юм. Харин Азийн хөгжлийн банк үүний эсрэг мэдэгдэл гаргасан билээ. Энэ асуудлын талаар сайдаас тодрууллаа.

-Виферон лааны эмчилгээний үр дүнгийн талаар нотолгоо гаргах шаардлагатай гэж та мэдэгдсэн. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Виферон лааг тойрсон асуудал нэлээд олон хоног яригдаж байна. Би нэг л зүйлийг хэлье. Энэ асуудалд мэргэжлийн хүмүүс тайлбар хийж байгаа. Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөл, хүүхдийн эмч нар цуглан виферон лааны талаар өнгөрсөн долоо хоногт зөвлөгөөн хийсэн юм. Зөвлөгөөнөөр виферон лааны эмчилгээний үр дүн олон улсад нотлогдоогүй болохыг хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, виферон лааны талаар судалгаа хийгдээгүй гэсэн үг. Хоёрт, Монгол Улсын эмнэлзүйн удирдамж болон эмчилгээний заалтад томуу, томуу төст өвчний үед хүүхдэд хэрэглэх заалтгүй байгаа. Үүгээрээ виферон лаа нь чанар, аюулгүй байдал хангаагүй, огт хэрэглэж болохгүй гэж хэлээгүй. Аливаа эмийг зөвхөн Эрүүл мэндийн сайд хориглодоггүй. Эрүүл мэндийн яаманд чиглэл бүрийн зөвлөл ажилладаг. Яамны Хүний эмийн зөвлөл виферон лааны үр дүн олон улсын төвшинд нотлогдоогүй байна гэж үзсэн. Тиймээс энэ лааг нийлүүлж буй компанид тухайн лааны эмнэлзүйн удирдамж болон эмчилгээний үр дүнгийн талаарх нотолгоог албан ёсоор баримт бичгээр өгөхийг олон жилийн туршид шаардсан ч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Эрүүл мэндийн сайд энэ лааг хориглохоор шийдвэрлээгүй. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь хүүхдийн эмчилгээтэй холбоотой эмнэлзүйн удирдамж, эмчилгээний заалтыг боловсруулж эмч нар, эмнэлгийн байгууллагад өгдөг. Эмнэлзүйн удирдамж, эмчилгээний заалтад томуу, томуу туст өвчний үед хүүхдэд виферон лаа хэрэглэх заалт ороогүй байсан. Тиймээс виферон лааг зааврын дагуу хэрэглэх учиртай гэсэн зааврыг мэргэжлийн байгууллагад өгч байгаа.

-Эмчилгээний үр дүн нь нотлогдоогүй эмэнд Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө зарцуулж байгаа талаар судалгаа бий гэж байна. Виферон лаанд чухам хэдэн төгрөг зарцуулсан байна вэ?

-Эрүүл мэндийн даатгалын сангаас 2016 онд виферон лаанд 1.9 тэрбум төгрөг зарцуулсан байна.

-Азийн хөгжлийн банкнаас үүнтэй холбоотойгоор мэдэгдэл гаргасан байсан. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Бидэнд судалгааны материал бий. Бид эрүүл мэндийн асуудалд хариуцлагатай хандах ёстой. Хэрэв судалгааны материал байхгүй бол хаанаас ийм зүйл зохиох билээ. Тиймээс би Азийн хөгжлийн банкныхантай уулзаж, судалгааны багийнхан бидэнд гардуулсан материалтайгаар уулзалт хийх гэж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж