"Бүлэг хулгайтай тэмцээч ээ гэж санал гаргасны төлөө намайг огцрууллаа"

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Live"Бүлэг хулгайтай тэмцээч ээ гэж санал гаргасны төлөө намайг огцрууллаа"

"Бүлэг хулгайтай тэмцээч ээ гэж санал гаргасны төлөө намайг огцрууллаа"
22 : 07
2018-11-12

"Бүлэг хулгайтай тэмцээч ээ гэж санал гаргасны төлөө намайг огцрууллаа"

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа УЗ-ийн хурлаас гарч ирээд сэтгүүлчдэд дараах тайлбарыг өгөв. Тэрбээр “Зохион байгуулалттай бүлэг хулгайтай тэмцээч ээ гэж санал гаргасны төлөө намайг бүлгийн даргын суудлаас нь огцруулъя гэж Удирдах зөвлөлөөс шийдвэр гаргалаа. Олон түмэн үүнийг харж байгаа байх. ЖДҮХС-аас зээл авсан асуудлыг зохион байгуулалттай бүлэг хэрэг гэж үзэж байгаа. Өмнөх Засгийн газрыг унагаахаар үгсэн тохиролцсоныхоо шан харамжид авсан байх үндэстэй. Тийм учраас энэ саналыг би удаан тэвчиж байж өнөөдөр /2018.11.12/ холбогдох хүмүүст нь хариуцлага тооцооч гэдэг саналыг тавьсан.

Харамсалтай нь, үүний төлөөст бүлгийн даргын ажлаа өг гэж бүлэгт санал оруулах гэж байна. Бүлэг хэрхэн шийдэхийг би мэдэхгүй. Бүлгийн даргын ажлаа өгөхөд надад харамсах зүйл алга. Харин зохион байгуулалттай бүлэг хэргийг би цааш нь ил тод ард түмэнд хүргэнэ. Намайг бүлгийн даргаас огцруулахад хүргэсэн үндэслэл гэдэгт нэгдүгээрт ЖДҮ-ийг хамгаалсан, хоёрдугаарт бүлгийг хагалсан гэдэг шалтгааныг хэлж байна лээ. Бүлэг хагалсан гэдэг асуудлыг би огт ойлгоогүй. Бүлгийг хэн хагалсан бэ гэдгийг олон түмэн мэдэж байгаа” гэлээ.

21 : 37
2018-11-12

Д. Хаянхярвааг огцруулахыг дэмжив

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал үргэлжилж байна. Удтал хуралдсаны эцэст дараах шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө намын бүлэгт танилцуулахаар болжээ.

Харин УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг бүлгийн даргын суудлаас огцруулах асуудлаар санал хураалтад Удирдах зөвлөлийн нийт 28 гишүүний 16 нь бүлгийн даргаас нь огцруулахад саналаа өгчээ.

Түүнчлэн хотын дарга Су.Батболдыг огцруулах саналыг 15 гишүүн дэмжлээ.

18 : 58
2018-11-12

"Хотын дарга та ажил хийсэнгүй"

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал нэлээд ширүүхэн болсон. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхандаа нэлээд ширүүлжээ. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдод хандаж "УИХ-ын дарга М.Энхболд та ажлаа өг. Хариуцлага тооцож огцруулах шийдвэрийг намын дүрмийн дагуу хэлэлцүүлнэ. Монгол төрийн албан тушаалыг үнэлсэн гэх 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Ажлаа өгөөд хуулийн өмнө та Монгол хүний ёсоор оч" гэсэн байна. Харин  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваад  "Та ажлаа өг. УИХ дахь МАН-ын гишүүдтэй холбоотой хариуцлагын асуудал тантай ч мөн адил холбоотой. ЖДҮХС-тай холбоотой хариуцлагын асуудлыг УИХ-ын чуулган дээр хэлэлцүүлэхэд та зарчмын эсрэг байр суурийг удаа дараа мэдэгдэж ёс зүйн алдаа гаргасан. МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг ханган ажиллаж чадаагүй" хэмээн загнажээ. Түүнчлэн хотын дарга С.Батболдод  "Та ажлаа өг. Хүн амын 50 хувь нь амьдардаг нийслэлийнхэн сүүлийн хоёр жилд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Гэрийнхээ гадаа тоглож наадаж байсан гэм зэмгүй хүүхдүүд амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Хотын утааг бууруулах талаар та хоёр жил дорвитой алхам хийсэнгүй. Би үүний төлөө намынхаа олон мянган эгэл жирийн шударга гишүүд, ард түмэнтэйгээ хамтарч тэмцэнэ" гэдгээ илэрхийлж. МАН-ын УЗ хурал түр завсарласан бөгөөд хараахан эхлээгүй байна.

16 : 35
2018-11-12

Хотын дарга Су. Батболдыг огцруулах асуудлыг дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дөрвөн цаг орчим хуралдаж, дөнгөж сая завсарлалаа. Хурлаар хотын дарга Су.Батболдыг огцруулах шийдвэрт Ерөнхий сайд У.Хүрэлсүх гарын үсэг зурсан байна. Ерөнхий сайдын гаргасан шийдвэрийг НИТХ-аар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм байна. Хурлын үеэр Су.Батболд Ерөнхий сайдын шийдвэрийг хүндэтгэж, ажлаа өгөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ. МАН-ын УЗ-ийн хурал оройн 18.00 цагт үргэлжилнэ 

14 : 53
2018-11-12

Б.Батзоригийн оронд Ч.Улааны нэрийг дэвшүүллээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал нэлээд ширүүхэн эхэлсэн. Хуралдааны үеэр ЖДҮХС-гийн дуулианд холбогдсон Я.Содбаатарыг огцруулах, үгүй бол Ерөнхий сайд өөрөө огцрох ёстой, мөн зээлд нэр холбогдсон гишүүдээ ёс зүйн хороогоор оруулах асуудлыг хөндсөн байна. Түүнчлэн ЖДҮХС-гийн асуудлаас болж албан тушаалаасаа огцорсон Б.Батзоригийн оронд Ч.Улааныг нэр дэвшүүлэхийг Удирдах зөвлөл дэмжсэн байна. УЗ-ийн хурлын дараа гаргасан шийдвэрийнхээ талаар МАН-ын удирдлагууд мэдээлэл хийж магадгүй байна.

МАН-ын УЗ-д:

У.Хүрэлсүх

М.Энхболд

Д.Амарбаясгалан

Л.ЭнхАмгалан

Д.Хаянхярваа

Я.Содбаатар

Б.Саранчимэг

Ө.Энхтүвшин

Г.Занданшатар

Ц.Цогзолмаа

Ж.Эрдэнэбат

Сү.Батболд

Т.Аюурсайхан

Г.Солтан

С.Бямбацогт

Л.Оюун-Эрдэнэ

Ж.Энхбаяр

Д.Тогтохсүрэн

Ж.Мөнхбат

Ц.Гарамжав

М.Оюунчимэг

Г.Мөнхцэцэг

Д.Сарангэрэл

О.Содбилэг

Ж.Ганбаатар

Д.Оюунхорол

Ч.Улаан

Ц.Нямдорж

Су.Батболд

Ц.Бат-Энх нар байдаг.

 

 

 

 

12 : 51
2018-11-12

М.Энхболд, С.Батболд нарыг огцруулах асуудлыг хөнджээ

МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд яг одоо хуралдаж байна. Удирдах зөвлөлийн хурал нэлээд ширүүн болж байгаа бөгөөд хэд хэдэн хүнийг огцруулах асуудал яригдаж байгаа юм. Ингэхдээ 60 тэрбумтай холбогдсон голлох нөхдүүдийг огцруулна гэдгээ Ерөнхий  сайд У.Хүрэлсүх мэдэгджээ. Тухайлбал УИХ-ын дарга М.Энхболд, Улаанбаатар хотын дарга бөгөөд нийслэлийн захирагч С.Батболд, УИХ-дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг огцруулах асуудлыг хөндсөн байна. Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь УИХ-ын дарга М.Энхболд, Улаанбаатар хотын дарга бөгөөд нийслэлийн захирагч С.Батболд нарыг огцруулна гэсэн Ерөнхий сайдын саналыг дэмжсэн байна.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцохыг шаардсан шаардах бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд  УЗ-ийн хурлын үеэр өгсөн. Тэрбээр үүнээс өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийж ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд, намын удирдлагуудтай хариуцлага тооцохыг М.Энхболд, У.Хүрэлсүх хоёроос шаардсан юм.

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн мэдэгдлийн эсрэг өөрийг нь  огцруулах асуудал ч мөн яригдсан байна. Тэрбээр УИХ-аар томилогдсон Засгийн газрын тэргүүн УИХ-ыг тараая гэдэг зохимжгүй, хариуцлага тооцох ёстой гэх шүүмжлэл ч мөн өрнөжээ.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал ширүүхэн үргэлжилж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
61
ЗөвЗөв
21
ХахаХаха
16
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж