УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийг боловсруулах болсон шалтгаан нь, гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ын хэмжээ цэвэр дүнгээр 2011 онд 4620 сая ам.доллар, 2012 онд 4408 сая ам.доллар байсан бол 2013 онд 2098 сая ам.доллар болж 52.4 хувиар, 2014 онд 542[1] сая ам.доллар болж 74.2 хувиар тус тус огцом буурчээ. Өнгөрсөн 2014 оны гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 2011 онтой харьцуулахад 8.5 дахин буурч, дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ)-ий 5 хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн байна. Мөн 2012 оноос эхлэн гадаад худалдааны нөхцөл муудсанаар Монгол Улсын экспорт 2012 онд 2011 оноос 432 сая ам.доллар буюу 9 хувиар, 2013 онд өмнөх оны түвшнээс 115 сая ам.доллар буюу 3 хувиар тус тус буурсан аж. Эдгээр нь Монгол Улсын гадаад цэвэр актив 2013-2014 онд ДНБ-ий 33.7 хувьтай тэнцэх хэмжээгээр огцом буурахад нөлөөлжээ.
Тиймээс гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн байна. Үүнийг хэрэгжүүлж чадаагүй тохиолдолд хувийн хэвшил хумигдах, санхүүгийн тогтворгүй байдлын эрсдэл нэмэгдэх, улмаар ДНБ-ий өсөлт огцом саарч, эдийн засгийн хямрал бий болох эрсдэлтэй гэж Засгийн газар үзэн дээрх хуулийн төслийг боловсруулсан аж.
Төсөлд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, гадаад зээлийг нэмэгдүүлэх боломжийг нээж өгөх замаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж, эдийн засаг агшихгүй байх нөхцөлийг хангах. Хоёрт, эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн нийт тэнцлийг алдагдалгүй болгож, хувийн хэвшилд ирэх ачааллыг зөөлрүүлж, ажлын байрыг хадгалах. Дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэх, эрсдэл даах чадварыг сайжруулах зэрэг үндсэн чиглэл, цогц агуулга бүхий Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх суурь тавигдаж, төлбөрийн тэнцлийн хүндрэл арилж, хямралт байдлыг эрсдэл багатайгаар даван туулах боломж бүрдэх гэнэ.
Хуулийн төслийн танилцуулгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хийлээ. Үүний дараа хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга нар тус бүр дүгнэлтээ танилцуулсан юм.
Гэхдээ энэхүү хямралыг даван туулах хөтөлбөрийг ядуу, өмнө нь баталж байсан жагсаалтуудын жагсаалт оруулж ирсэн байна гэж шүүмжиллээ.
Г.ДАРЬ