Х Богдын асуудлаар Хятад хатуурхаж эхлэв үү?

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Х Богдын асуудлаар Хятад хатуурхаж эхлэв үү?

Х Богдын асуудлаар Хятад хатуурхаж эхлэв үү?

Монголын нүүрсний экспорт зогссон тухай мэдээллийг албаны хүмүүс өгч байна. Нүүрсний экспорт зогссоныг олон нийтийн сүлжээнд Ерөнхийлөгчтэй холбон жиргэж эхэллээ. Тухайлбал, “жижиг дунд үйлдвэрлэл гээд үзэж байх хооронд "Нөгөө" нөхөр Далай лам руу X Богд тодруулах сэдвээр лам нар явуулж урд хөршийн реакцыг хөдөлгөөд экспортын тээвэр зогсоод эхэллээ, бүсээ чангал даа нөхдүүд ээ! Хорлонтой юм даа” хэмээн нэгэн жиргээч нүүр номдоо бичжээ. Өнгөрсөн Баасан гаригаас нүүрс ачсан машинууд Хятадын хил дээр очоод хүлээгдэх болжээ. Энэ талаар Гаалийн ерөнхий газраас тодруулсан юм.

 Монголын хил, гаалиас шалтгаалж, нүүрсний экспортод саатал үүссээгүй, Гашуунсухайтын боомтоор нүүрс ачсан автомашинуудыг гаргаж байгаа ч Хятадын боомт дээр очоод нэвтэрч чадахгүй хүлээх болсон байна. Одоогоор шалтгаан нь тодорхойгүй байгаа аж.

Холбогдох албаны хүн энэ талаар тайлбарлахдаа "Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Ням гаригт хилийн боомт амарсан. Баасан, Бямба гаригт ажилласан. Дээрх хоёр өдөр 200 гаруй нүүрс ачсан автомашиныг боомтоор нэвтрүүлсэн гэсэн мэдээллийг Гашуунсухайтын боомтоос авлаа. Саатал гараагүй үед өдөрт 13.00 цагийн байдлаар нүүрс ачсан 200-300 орчим автомашин хилээр гардаг. Өнгөрсөн өдрүүдэд бүх нийтээрээ дөрвөн өдөр амарсан учраас зарим аж ахуйн нэгж амарсан болов уу. Тиймээс Баасан, Бямба гаригт мөн нүүрсний тээвэр буурсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр /2018.11.12/ өглөө 30 орчим автомашиныг Гашуунсухайтын боомтоор нэвтрүүлсэн ч Хятадын талд очоод хүлээж байгаа гэх мэдээллийг авлаа. Гаалийн ерөнхий газраас Хятадын талд  хандаж ямар шалтгааны улмаас Монголын нүүрсний экспортод саатал үүсээд байгаа талаар мэдээлэл хүссэн" гэлээ.

Тавантолгойн ордоос төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, орон нутгийн “Тавантолгой” зэрэг компани нүүрс олборлож, Хятад улс руу экспортолдог. Нүүрсний тээвэрлэлт гацсан шалтгааныг өөр нэгэн албаны эх сурвалжаас тодруулахад Хятадын тал гааль дээрээ шинэчлэл хийж байна гэх мэдээллийг авсан. Нүүрсний тээвэрлэлт 40 хувиар буурсан гэдэг тайлбар өглөө.

Нэгэн үе Монголын нүүрсний тээвэр дэд бүтэцгүй хийгээд үерт авто зам идэгдсэнээс шалтгаалж, хэдэн арван км үргэлжилсэн урт цувааг үүсгэн, экспортод нөлөөлж байсан бол энэ удаад хамгийн том экспортлогч орон болох Хятадын талаас хамаарч гацаанд ороод байна. Монголын татварын орлого өнгөрсөн саруудад өсөхөд нүүрсний экспорт томоохон жин дарсан. Энэ онд 38 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан.  Гэвч энэ мэт асуудлаас болж, уул уурхайн экспортын орлого буурч болзошгүй байна.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж