Засгийн газар Шүүхийн шийдвэрийг хэзээ биелүүлэх бол?

Хуучирсан мэдээ: 2015.02.13-нд нийтлэгдсэн

Засгийн газар Шүүхийн шийдвэрийг хэзээ биелүүлэх бол?

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Хатанбаатарын нэхэмжлэлтэй шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болжээ. Уг шүүх хурлаас  түүнийг ажлаас халсан нь хууль зөрчсөн болохыг тогтоож, ажилд нь эргүүлэн томилохыг Засгийн газарт даалгасан шийдвэр гарсан байна.

Өнгөрсөн 2013 оны долдугаар сард Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ЭМЯ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Хатанбаатарыг ажлаас чөлөөлсөн юм. Төрийн нарийн бичгийн дарга, төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халахдаа Төрийн албаны зөвлөлөөс санал дүгнэлтийг нь аваагүй хийжээ. Тэгсэн атлаа Төрийн албаны зөвлөл дүгнэлт гаргасан мэтээр тайлбарласан байна.

Ажлаасаа үндсэндээ улс төрийн шалтгаанаар халагдсан Ж.Хатанбаатар тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягийг шүүхэд өгсөн байсан юм. Н.Алтанхуягийн хариуцагчаар татагдсан шүүх хурал өнгөрсөн нэг жил хагас шахам хугацаанд байнга хойшилсоор иржээ. Түүний сүүлийн дөрвөн удаад нь гэхэд л хариуцагч талын өмгөөлөгч шүүгчдээс татгалзсан тул гэдэг шалтгаанаар хойшилж байжээ. Харин өнгөрсөн баасан гаригт шүүх хурал болж, Ж.Хатанбаатарыг ажлаас халахдаа хууль зөрчсөн гэдгийг тогтоосон шийдвэр гаргасан байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа өмнө нь гарсан алдааг засахаас эхэлсэн. Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Ш.Солонгыг ажилд нь эргүүлэн авсан билээ. Ш.Солонго нь мөн л ажлаас хууль бусаар халагдсан талаараа шүүхэд гомдол гаргаж, шүүх түүнийг эргүүлэн ажилд нь авах ёстой гэдэг утга бүхий шийдвэр гаргаад байсан юм. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, Хэрэг эрхлэхийн дэд даргыг ажилд нь буцаан томилсон билээ. Харин түүнд шүүхийн бас нэг шийдвэр гарчихаад Ч.Сайханбилэг болон Засгийн газрыг хэрэгжүүлэхийг хүлээж байна.

Эх сурвалж: “Улаанбаатарын сонин”

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж