-Монгол Улсын хуулийн тогтолцоо нь улс төр, бизнесийн бүлэглэлд үйлчилдэг, мөн Монголд эрх барьж байгаа хоёр намын бүлэглэлийн авир хэрээс хэтэрснийг харуулж байна гэж “Форбес” тоймложээ-
Монгол Улсын татварын хууль тогтоомжийг зөрчсөн гэдэг асуудлаар “Саусгоби сэндс”-ийн гурван ажилтанд шүүхээс таван жил арван сарын ял оноосныг гадаадын хэвлэлүүд шүүмжлэн бичсээр байна. Энэ хэргийн талаар олон улсад алдартай "Форбес" сэтгүүл хэрхэн дүгнэснийг орчуулан хүргэж байна.
Их хэмжээний татвараас зайлсхийсэн гэх хэрэгт холбогдуулан АНУ-ын иргэн Жастин Капла болон Филиппиний иргэдийг ямар ч үндэслэлгүйгээр Монголд 815 хоног хорионд байлгаж байна. Хэдийгээр 35 тэрбумын татвараас зайлсхийсэн гэж Монголын шүүх үзсэн нь тэднийг буруутгах хангалттай нотлох баримт байхгүй байгаа ч орчин нөхцөл нь дундаж зууны үеийнхээсээ салаагүй шоронд нь “Саусгоби сэндс”-ийн гурван ажилтан өнөөдрийн байдлаар 13 дахь өдрөө өнгөрөөж байна.
Шүүх хурлын явцад яллах дүгнэлт үйлдсэн прокурорт хангалттай нотлох баримт байхгүй байгааг хэлсэн бөгөөд /прокурор шүүх ажиллагаанд хүрэлцэн ирээгүй/, шүүхээс прокурорт шаардлагатай нотлох баримт гаргаж өгөх тодорхой хугацаа өгсөн юм.
Хоёр долоо хоногийн өмнөх Пүрэв гаригт прокурор шүүхийн танхимд ирэхдээ шинэчилсэн нотлох баримттай авчирсан ч шүүх бүрэлдэхүүн гурван шүүгдэгчийг батлан даалтад гаргах нь зүйтэй хэмээн үзэж Баасан гариг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан юм. Гэвч, баасан гаригт болсон шүүх хурлын үеэр прокурорын зүгээс яллах санал гаргахдаа шүүгдэгчдийг батлан даалтад гаргах бус шоронд хорих болгон өөрчилсөн нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Баасан гаригт болсон энэхүү шүүх хурлын үеэр “Саусгоби сэндс”-ийн ажилтнуудад таван жил арван сарын ял оноохын сацуу 18 сая ам.долларын торгууль ногдуулсан юм.
Хэрэг анх үүсэх явцад торгуулийн хэмжээ 170 сая ам доллар байсан бол хамгийн сүүлд тогтоосон торгуулийн хэмжээ нь эхэлж нэхэмжилсэн мөнгөн дүнгийн 11 хувьтай тэнцэж байгаа. Гэвч, торгуулийн хэмжээ болох 18 сая ам.доллар нь үнэндээ эдийн засгийн хямралд өртсөн “Саусгоби сэндс”-ийн төлбөрийн чадвараас хол давсан шийтгэл юм.
Хэрэв давж заалдах шатны шүүх энэхүү нэхэмжлэлийг хэвээр үлдээвэл “Саусгоби сэндс” сүйрнэ гэдгийг гадаад, дотоодын шинжээчид, эдийн засагчид хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээр торгуулийн хэмжээг багасгаж чадахгүй тохиолдолд “Саусгоби сэндс” компанийн хөрөнгө цаашдаа хэрхэх нь тодорхойгүй хэвээр байна.
“Саусгоби сэндс” компани нь Хятадын хилтэй их ойрхон нутаг дэвсгэрт нүүрсний уурхайтай байсан нь удаан хугацааны турш маргаан дагуулсаар ирсэн юм. Уурхайн ззэмшил нь мөн л Монголын Засгийн газартай маргаантай байгаа Оюутолгой зэс-алтны дэлхийн хэмжээний томоохон уурхайн эзэмшигчид хамааралтай.
2012 оны парламентын сонгуулийн өмнө Монголын парламент Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаравчлан баталсан нь “Саусгоби сэндс” компанийн ихэнх хувьцааг Хятадын компанид зарах тухай гэрээ хэлэлцээрийг талаар болгосон. Энэ хуулийг санаачлагчид нь “Саусгоби сэндс”-ийн наймааг зогсоох, цаашлаад үүгээр дамжуулан сонгуульд иргэдээс оноо цуглуулах зорилготой байсан юм. Монголын парламент ийнхүү сонгуулийн шоу болгон дээрх хуулийг яаравчлан баталсан учраас зарим нэг заалт нь ойлгомжтой бус, чухам үүнээс болоод Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон билээ.
Монголын Улсын татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн шийтгэл хүлээгээд байгаа “Саусгоби сэндс” компанийн экс удирдлагын нэг болох Жастин Капла хэрэг үүсэх үед компанийн санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бол ноён Дэвид нь 2007 оноос 2011 он хүртэл эл албыг хашиж явсан байдаг. Харин Кажуком нь татвараас зайлсхийсэн гэх хэрэг үүссэний дараа “Саусгоби сэндс”-т нэг жилийн хугацаанд ажилласан.
Монголын хууль хяналтынхан “Саусгоби сэндс”-ийн ажилтнуудын хил давах эрхийг хассанаас болж тэд зарим нь эцэг, эхийнхээ оршуулгын ажилд оролцож чадалгүй гомдолтой хоцорчээ.
Хэрэг шийдэгдэх хүртэл тэд Монголын хууль хяналтаас гаргасан дүрэм журмын дагуу амьдарч байсан юм. Хамгийн гол нь “Саусгоби сэндс”-ийн ажилтнуудыг шүүж буй хуулийн тогтолцоо нь тэднийг эрхээ хамгаалах боломж олгоогүй бол, харин эсрэгээрээ улсын ялаглагчид эрхийг зөрчих боломжийг хангалттай олгосон учраас Жаспин Капла хууль бусаар хэрэг хүлээлгэж магадгүй гэж үзсэн учраас 2014 оны арваннэгдүгээр сард НҮБ-ын Хүний эрхийн комисст хандсан байна. Энэ талаар Монголын Засгийн газар НҮБ-д зургаан сарын дотор хариу өгөх ёстой.
“Саусгоби сэндс”-ийн гурван ажилтанг шүүхээр яллаж, шоронд хорьсны дараа Монголын бизнесийн байгууллага, хөрөнгө оруулалт, хуулийн мэргэжилтнүүдийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээлийг сонирхуулбал,
- Шүүгдэгчид долоо хоногт 40 минут камераас гарч цэвэр агаар амьсгалах эрхтэй. Мөн хоёр удаа 20 минутаар цэвэр агаар амьсгалах боломжтой.
- Тэдний хоригдож буй шорон нь оройн 10.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл орондоо хэвтэхийг зөвшөөрдөг.
- Өдрийн бусад үед журмын дагуу суух эсвэл зогсоо байдалд байх ёстой.
- 12 хоногт нэг удаа тэд босоо шүршүүрт орох эрхтэй. Гэвч энэ эрхээ одоогоор эдлээгүй байгаа гэж тэднийг сүүлд эргэсэн эх сурвалж мэдээлжээ.
- Ноён Кажуком болон ноён Дэвид хоёр нэг камерт хоригдож байгаа.
- Ноён Кажукомийн биеийн байдал тун тааруу байгаа.
- Шүүгдэгчдийг чанга дэглэмтэй шорон руу шилжүүлэх магадлалтай гэж үзэж байна.
- Тэднийг эргэх эрхийг хассан тухай ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа ч Монголд ойр дотныхон болон хуулийн зөвлөхүүдийн эргэх хүсэлтийг нь хүлээж авахгүй байх тохиолдол нийтлэг болохыг олон эх сурвалж хэлж байна.
- Монголын Засгийн газрын зарим гишүүн тэдэнд ногдуулсан ялыг эсэргүүцсэн мэдэгдэл хийгээд байгаа бөгөөд энэхүү хэрэг нь хуулийн шинэчлэл хийх шаардлагатай байгааг харуулж буйг онцлон уриалжээ. Гэвч шинэчлэл хийнэ гэдэг Монгол Улсад сараар бус жилээр хэмжигдэх удаан хугацааны ажил юм.
- Шүүгдэгчид давж заалдах шатны шүүхэд хандаж, шүүх хурал эхэлтэл зургаан сараас нэг жилийн хугацаа шаардагдаж магадгүй гэсэн мэдээлэл байна.
- Зарим мэргэжилтэн давж заалдсан тохиолдолд ялын хугацааг багасган тэнсэн харгалзах ял болгож өөрчлөн, Монгол Улсаас гарч явах эрх нээгдэх боломжтой гэж үзэж байна. Гэвч тэд эргээд Монгол руу зорчих эрхтэй байх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Хэрэв тийм тохиолдолд Ноён Каплагийн хувьд эхнэр хүүхэд нь монгол учраас хүндрэлтэй байх магадлалтай.
- Зарим мэргэжилтэний үзэж буйгаар Ерөнхийлөгч Элбэгдорж шүүгдэгч нарт өршөөл үзүүлэх найдвар байгаа гэнэ.
- Харин зарим нь шүүгдэгчид шүүхийн шийдвэрт заасан ялыг бүтнээр эдлэнэ гэж итгэж байна.
- Дэлхий даяар олон хүн шударга бусаар хоригдсоор байдаг. Энэхүү хэрэг тэрхүү тохиолдлуудаас хоёр шалтгаанаар өөр юм. Тухайлбал, уг хэргийн хамгийн сөрөг үр дүн нь Монголын эдийн засгийн уналт. Энэ хэрэг эдийн засгийн хараат бус байдалд нөлөөлж болзошгүй. Нөгөө талаар тус улсын хуулийн тогтолцоо нь улс төр, бизнесийн бүлэглэлд үйлчилдэг, мөн Монголд эрх барьж байгаа хоёр намын бүлэглэлийн авир хэрээс хэтэрснийг харуулж байна.
Ийнхүү гадаадын хэвлэл мэдээлэл, ажиглагчид энэ хэргийг Монголын шүүх яаж шийдвэрлэх вэ гэдгийг анхааралтай ажиглаж байна. Мөн гадаадынхан төдийгүй дотоодын улстөрчид “Саусгоби сэндс”-ийн удирдлагуудад ял оноосон хэргийг улс төр, бизнесийн бүлэглэлийнхний явуулга хэмээн хардаж буйгаа илэрхийлж буй юм.
Б.ХОНГОР