Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025-II” олон нийтийн хэлэлцүүлгийн өнөөдөр Төрийн ордноо зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт яам, агентлаг, мэргэжлийн холбоод, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн бус байгууллагаас нийт 300 орчим зочид төлөөлөгчид оролцов. Энэхүү хэлэлцүүлгийг "Алтан дорнод монгол" компани ивээн тэтгэн, зохион байгуулахад туслалцаа үзүүлжээ.
Хэлэлцүүлэг “Эрдэс баялагийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө”, “Салбарын өрсөлдөх чадвар” гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдсэн бөгөөд үүнээс уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар, тулгарч буй саад бэрхшээлийн талаарх асуудал анхаарал татаж байлаа. Энэ сэдвээр МУИС-ийн доктор, профессор Ч.Хашчулуун, Уул уурхайн клубын тэргүүн М.Дагва нар илтгэл тавьсан юм.
Монгол Улс олон төрлийн ашигт малтмалтай ч дэлхийд өрсөлдөх чадвар, экспортод бүтээгдэхүүнээ гаргаж буй үзүүлэлтээр доогуур байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцлов. Тухайлбал, ОХУ-д 2-3 томоохон зэсийн ордын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбоотойгоор 2020 он хүртэл зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ давах төлөвтэй бол нүүрсний зах зээлд Индонези, Австрали, Орос улсууд томоохон тоглогчид тооцогдож байгаа аж. Харин Монгол Улс Вьетнам улсаас ч доогуур буюу нүүрсний экспортоор дэлхийн улсуудаас сүүл мушгиж байгаа судалгаа байна. 2013 онд Укриан, Вьетнам улсаас нүүрс импортлох санал ирүүлэхэд экспортоо хязгаарлах зорилгоор татгалзаж байжээ. Гэтэл Монгол Улс жилдээ 20 сая тн нүүрс экспортлох гж улстөржиж, талцсаар өнөөдрийг хүрснийг бодох л хэрэгтэй.
Монгол Улсын өрсөлдөх чадварыг яаж сайжруулах вэ? Энэ асуултад Уул уурхайн клубын тэргүүн М.Дагва “Уул уурхайн томоохон төслүүдээ хөдөлгөж байж л өрсөлдөх чадвар сайжирна. Хөдөлгөхийн тулд нийгмээс виз авах хэрэгтэй” гэж ярив.
Харин олон нийт уул уурхайг ашиглана гэхээр “Надад юу наалдах вэ, орон нутаг, төсөвт орох татвар хураамжийг дээгүүрээ хувааж иддэг, байгаль орчныг сүйтгэж, баялагийг хоосолж байна” гэх зэргээр бэлэн цэцэн хариултаар энэ салбарынхны амыг таглаж байгааг оролцогчид мөн ярьж байна.
Өнөөдөр уул уурхайн салбарт 50 орчим мянга, бусад салбарт 800 мянган хүн ажиллаж байгаа аж. Салбарынхны тооцоолж буйгаар уул уурхайн нэг ажлын байрны ард 5-10 ажлын байр бий болдог гэнэ.
Жишээ нь, 2011 онд Оюутолгойд нэг тэрбумын хөдөлгөөн ороход бусад компаниудад 4 тэрбумын хөдөлгөөн гарчээ. Энэ бол далай доторх бичил биетээс эхлээд аварга загас хүртэл бие биенийхээ амьдралыг тэтгэх экосистемтэй адилтгаж болох үзүүлэлт юм. Тиймээс уул уурхайн салбарын бусад салбарт, нийгэмд ирэх өгөөж буюу уул уурхайн экосистемийн талаарх зөв ойлголт, хандлага, мэдлэгийг түгээж байж цааш явах сонголт хийх болоод байна.
Эрдэс баялгийн салбарынхан энэ сэдвийг хөндөн ярилцсан нь уул уурхайн салбарт улстөржилт, популизм чөдөр тушаа болж байгаатай холбоотой.
Нотлогдсон мэдээлэл, судалгаан дээр суурилсан мэдээллийг мэдлэг гэж тодорхойлвол уул уурхайд популизм, хэт улстөржилт давамгайлж байна.
Уул уурхай улстөржилтөөс ангид болсон цагт том төслүүд хөдөлж, Монгол Улс ашигт малтмалаар өрсөлдөх чадвартай орон болно гэдгийг бид олон жил ярилаа шүү дээ. Одоо харин энэ салбарыг хөдөлгөөнд, ажилд нь оруулах цаг болсон.
С.ОТГОНСҮРЭН