&#34Багш дасгалжуулагч нараасаа эмээдэг л үе байлаа&#34

Хуучирсан мэдээ: 2015.02.13-нд нийтлэгдсэн

&#34Багш дасгалжуулагч нараасаа эмээдэг л үе байлаа&#34

Барселоны олимпийн хүрэл медальт, Азийн хошой аварга, Интернациональ тэмцээний таван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Боксын холбооны нарийн бичгийн дарга Н.Баярсайхантай ярилцлаа. 

-Тантай уулзсаных 1992 оны Барселоны олимпийн наадмын талаар асуухгүй өнгөрч боломгүй санагдана. Хоёулаа жаахан түүхийн хуудсыг эргүүлэе?

-Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр их ч ярьсан даа. Миний хувьд 1980 оноос энэ спортоор хичээллэж эхэлсэн. Олимпийн наадмын тухай ярихаасаа өмнө анх энэ спортод орж А үсгийг заалгаж байсан тэр үеэ дурсах нь зөв гэж бодлоо. 1980 онд буюу наймдугаар ангид байхдаа Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн хошой аварга Х.Алтанхуяг багшийн секцэнд орж хоёр сар гаруйн хугацаанд хичээллэсэн юм.

Түүний дараагаар “Хүч” нийгэмлэг рүү шилжиж Монгол Улсын гавьяат тамирчин Б.Ганбатын шавь болж байлаа. Энэ хоёр багш минь анх л боксын А үсгийг зааж их спортод хөл тавиулсан ачтан л даа. 

-Нэг түүх сонсож байсан юм байна. Та боксын спортод “гахай” Ганзориг хэмээх хүүхдийг айлгах зорилготой хичээллэж эхэлсэн гэдэг. Үүнийг орхичихлоо?

-/Инээв/ Нэг тийм юм бий. Тэрхэн үедээ атаман гэж яригддаг хүүхэд байлаа. Яг үнэндээ түүнийг дарах зорилготой л энэ спортоор хичээллэсэн юм. Гэтэл тэр бодол минь цаашилж тамирчин болтлоо явсан.

-Гурван жил энэ спортоор хичээллээд улсын шигшээ багт орсон. Тэр цагаас хойш 1992 он хүртэл таны амжилт тасраагүй. Тэр үеийг таны ид үе гээд хэлчихэд нэг их зөрүү гарахгүй байх аа?

Улсын аварга шалгаруулах тэмцээнд тухайн нийгэмлэгийн урдаа барьдаг сайн тамирчид л оролцдог байсан. Түүний нэгэнд багтаад, арав гаруй жил амжилт үзүүлсэн гэхээр нэр төрийн л хэрэг байж. Бидний үед нэг жинд 7-8 хүчтэй өрсөлдөгч байдаг байлаа. Одоогийн тамирчид шиг дархлагдана гэсэн асуудал байхгүй. Өдөр, шөнөгүй л бэлтгэл сургуулилт хийж, амжилт олно. Тийм л үе байсан. 

-Олимпийн өмнөх буюу 1987 онд хамгийн анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Бүр ч болоогүй аваргалж байсан? 

-Тухайн үед үзэл суртал их байсан. Тэмцээнд явахын өмнө Биеийн тамирын хорооны дарга нар “Кувейтэд дайн байлдаан болж байгаа. Элсэн цөл газар ууж идэх юм байхгүй” гэж байлаа. Бид Москвагаас идэх, уух юм аваад Кувейтын хил дээр очиход шууд хураан авч, нүдэн дээр асгасан. Шингэн зүйл оруулдаггүй гэнэ.

“Бид бэлтгэл хийсний дараа ууж, идэх гэж байгаа юм” гэтэл “Та нарт хангалттай юм бий” гэсэн. Ингээд л хил гарсан. Одоогийн микро автобусанд суулгаж, ширээ тавиад цай хийж өгсөн. Би их гайхаж байлаа. Манайд машин явахад цай нь асгараад сүйд болно. “Асгарчих вий дээ” хэмээн санаа зовсоор буудалд очсон. Гэвч 60, 70 км цаг хурдтай давхихад донслоогүй. Кабелийн телевиз гэдэг юмыг тэнд анх үзэж, спрайтыг “Цагаан кола байна” хэмээн гайхацгааж байсан. Зах зээл хөгжсөн, бараа таваар нь янз янзаараа байсан даа. Миний жинд олон сайн тамирчин өрсөлдсөн. Би дөрөв тоглохдоо гурвыг нь хүнд цохилтоор унагааж түрүүлсэн юм. 

-Азийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн эрхээ хүртэж байсан уу?

-Тиймээ. Эхний дөрвөн байрт шалгарсан тамирчин олимпийн эрхийн болзол хангадаг байлаа.

-Эхний Азийн аварга шалгаруулах тэмцээнд Ц.Амаржаргал оролцсон ч эрхээ хүртэж чадаагүй гэдэг? 

-Миний хувьд Филиппиний Манилад хоёр дахь тэмцээнд нь оролцож мөнгөн медаль хүртэж олимпийн эрх авч байсан. Нэгэнт эрхээ хүртсэн байсан ч явах явахгүй нь мэдэгдэхгүй хүндрэлтэй асуудал их гарч л байлаа. Зардал мөнгөнөөс эхлээд л маш хүнд байсан. Тэр үед жаахан дарагддаг байсан юм. Энэхүү олимпт оролцоход Эрдэнэт үйлдвэрийн дарга агсан Отгонбилэг гуай надад их тусалж байлаа. Тэр үед Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа ч хэвийн байгаагүй. Өөрөө Завханых болохоор ч тэрүү, нэг нутаг гэсэндээ их тусласан шүү. Надад хүртэл “Нутгийн хүүхэд болохоор л чамд тусласан шүү” хэмээн хэлж билээ. Одоо ч гэсэн талийгаачид маш их баярлаж явдаг юм. 

-Тэмцээнд хамгийн эхлэн гоц мөргөж, дараагийн тоглолтоо Гватемаллын Мауриссо Авиллаг 15:0 ялж медалийн төлөө тоглох эрхтэй болсон. Таны хувьд жин хасаад, нэлээн ядралттай байсан ч, тоглолтыг маш сайхан эхлүүлсэн гэдэг? 

-Ядарсан ч гэсэн энэ бол хүсэж хүлээж байсан олимпийн наадам шүү дээ. Шийдвэрлэх тоглолтод МҮОХ-ны Ж.Отгонцагаан бид хоёр Танзанийн тамирчин Сөүлийн олимпийн туршлагатай Раши Али Хадж Матумла хэмээх хүчтэй өрсөлдөгчтэй таарсан. Ингээд л судалж байж рингэн дээр гарсан юм.

Бас өмнө нь 1980 оны олимпод манай тамирчин Танзанийн ширэн бээлийтэнд ялагдаж байсан юм билээ. Миний хувьд рингэнд гарахдаа сэтгэл зүй ч нэлээн өндөр гарсан. Тиймээс ялалт авсан байх.

Олимпийн наадам өнгөрөөд хаалтын үйл ажиллагаанд улсынхаа тугийг барьж явлаа. Энэ үеч сайхан байсан. Нэг талаараа хүрэл медальдаа жаахан чамлалттай алхаж явсан.

-26 насандаа олимпд оролцож хүрэл медал хүртсэн. Үүний дараа амжилтандаа ханачихсан уу? 

-Үгүй ээ. Биеийн байдлаас болж л зодог тайлсан. Би 10 км гүйлээ гэхэд цус алдчихдаг тийм ужиг өвчтэй байсан. Энэ л нэлээн нөлөөлсөн. Багш ачаалал өгсөн ч гэсэн өөрөө хүчээр багасгахгүй бол болдоггүй байлаа.

Одоо үед байсан бол нэг хагалгаанд ороод л эдгэчих байсан байх. Тухайн үед ийм асуудал байсангүй. Үүнээс л болж зодог тайлсан байх. Уг нь 30 нас хүртлээ тоглох боломж байсан. 

-Монгол Улсын нэр төрийг өндөрт өргөсөн тамирчдад ихээхэн хэмжээний мөнгө төгрөг дагалддаг болж. Тухайн үед олимпийн хүрэл медаль хүртээд ирэхэд танд улсаас юу өгч байв?

 -Үүнийг ч бас их л олон ярьсан даа. Тухайн үед одоогийн тамирчид шиг олон сая төгрөг авч байсангүй ээ. Бэлтгэлээ хийгээд, цалингаа аваад л явдаг байлаа. Одоо бол харин эсэргээрээ “авдаг ч юм уу” гэсэн бодол төрдөг болсон шүү. Тэр үеийн нийгмийн онцлог л байж л дээ. Одоо тамирчид медаль хүртээд ирвэл төр засгаас харж үзэхгүй байсан ч, зарим нэг нь бол хөөцөлдөөд л авна шүү. Бидний үед тийм юм байдаггүй байлаа. Тэр ч бүү хэл багш дасгалжуулагчаасаа хулчийж эмээдэг л үе байлаа. Нэлээн даруулгатай, дэгтэй байж. Харин одоо амьдрал ахуйгаа бодсон ч шагнал урамшуулал авмаар санагдах үе байна.

-Таныг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд л жаахан азгүйтчихээд байдаг байсан гэх яриа бий? 

-Хамгийн анх Москвад болсон тэмцээнд орж медалийн төлөөх тоглолтод Кубын тамирчинд ялагдсан. Дараа нь Австралид болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн оролцсон ч медалийн төлөө Европын аварга Румыний тамирчинд оноогоор дийлдсэн. Энэ тоглолтод жаахан харамсаж явдаг юм.

-Н.Баярсайхан ах маань тэмцээнд уралдаан оролцохдоо их шүтлэгтэй байсан гэдэг?

-Тиймээ. Манай ээжийн тал хувилгааны удамтай байсан. Түүнээс өвлөгдөн ирсэн рашаантай будаан утлага байсан юм. Маш олон жил хадгалсан мөртлөө ээж минь үржүүлээд л байлгаад байдаг.

Тэмцээнд гарахын өмнө ээж минь “За миний хүү үүгээр утаарай” гээд л хэлнэ. Түүгээр нь утаж, тоглохын өмнө шүтдэг байсан. Зарим нэгэн үед түүнийгээ цацаж, утаж чадахгүй үедээ хүнд байдалд орчихдог байсан. Ер нь одоо ч гэсэн маш их шүтлэгтэй шүү.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж