"У.Хүрэлсүх улс төрийн хийрхсэн мэдэгдэл удаа дараа хийлээ"

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

"У.Хүрэлсүх улс төрийн хийрхсэн мэдэгдэл удаа дараа хийлээ"

"У.Хүрэлсүх улс төрийн хийрхсэн мэдэгдэл удаа дараа хийлээ"

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцохыг шаардсан шаардах бичгийг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх  нарт шаардлага хүргүүлж байгаагаа талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мэдээллийн эхэнд “Миний бие өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байгаа шалтгаанаа эхлээд хэлье. Өнгөрсөн амралтын өдрүүдэд би нэлээд зүйлийг бодлоо. Нийгэмд үүсээд буй бусармаг үйл явдлууд намжиж байна уу үгүй юу, байдал хаашаа эргэж байна вэ гэдгийг сайтар бодож тунгаалаа. Нийгмийн галыг намжаах гэж оролдож байгаа ч гэсэн эсрэгээрээ нийгмийн гал намжихгүй байна. Тийм учраас  шударга бус үйл явдлыг таслан зогсоох тал дээр төр засаг, төрийн эрх барьж буй нам тодорхой алхам хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа иргэд, сонгогчдын дуу хоолой өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Би өнөөдөр энэхүү мэдээллийг хийхдээ МАН-ын бүлгийн даргын хувьд хийгээгүй, мөн МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний хувьд хийгээгүй. Гагцхүү би УИХ-ын гишүүнийхээ хувьд энэхүү мэдээллийг хийж байна. Хэдийгээр УИХ-ын гишүүн нэг тойргийг төлөөлж сонгогддог ч гэсэн бүх ард түмний эрхийг төлөөлөх бүрэн эрхтэй гэж би ойлгодог. Нийгэмд ЖДҮ-ийг тойрсон шуугиан намжихгүй хэвээр л байна. Яагаад гэвэл Засгийн газар, УИХ цаашлаад намын түвшинд тодорхой бодит алхмыг авч чадахгүй байна. Зөвхөн салбарын сайдыг нь огцруулснаар асуудал намжих байх гэсэн хүлээлт манай удирдлагуудад байгаа юм болов уу гэж би хардаж байна. Яагаад ЖДҮ-ийг тойрсон асуудлыг ярихгүй байна вэ,  намын зүгээс яагаад дуу хоолойгоо тодорхой гаргахгүй байна вэ, яагаад намын дарга нь Ерөнхий сайдын хувьд уг асуудлыг хөндөж олон нийтэд тодорхой мэдэгдлийг хийхгүй байна вэ гэдэг нь өөрөө анхаарал татсан асуудал юм. Тийм учраас миний бие УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх  нарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна” гэлээ. Тэрбээр цааш хэлэхдээ “ЖДҮ-ийг тойрсон асуудлаар нийгэмд үүсээд буй бухимдлыг зогсооход тодорхой арга хэмжээнүүдийг авах ёстой гэж үзэж байна. Ний нуугүй хэлэхэд,  намайг  намын даргатайгаа зөрчилдөж байна, Ерөнхий сайдтайгаа зөрчилдөж байна, Засгийн газраа унагаах гэж байна, намын даргын суудлыг авах гэж байна гэсэн мэдээлэл нийгэмд гарсан. Би намын даргатай зөрчилдөөгүй мөн сөргөлдөөгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдыг шүүмжилсэн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандан би чуулганы үеэр үгээ хэлсэн. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийн манаа болсон ҮАБЗ-д Үндсэн хуулиар бүрэн эрх нь олгогдсон гурван хүн бий. Энэ гурван хүнийг би ил тод шүүмжилсэн. Би ил тод шүүмжлэлийг зөрчил гэж үзэхгүй байгаа. Шүүмжлэл ил тод, нээлттэй байх тусмаа алдаа оноогоо засах боломж олгодог гэж би хувьдаа боддог. Хэлсэн шүүмжлэлийг зөрчил, дутагдал, атаа хорсол гэж хүлээж авах эсвэл алдаа оноогоо засах гэсэн эрүүл саруул ухаан гэж хүлээн авах үгүй эсэх нь У.Хүрэлсүхийн улс төрийн ухааны цар хүрээ нь харуулах ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулган болон бүлгийн хурлуудын үеэр хэдэнтээ болчимгүй мэдэгдэл хийсэн. Үүнийг нь удаа дараа хэлж сануулсан байтал дахин дахин чуулганы үеэр ярьж байгаа учраас би үүнийг нь ил тод хэлсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан УИХ-ын чуулганы индэр дээрээс би тун удахгүй ард түмнээсээ дэмжлэг хүснэ. УИХ-ыг тараана мөн Засгаа огцруулж дараа нь өөрөө огцорно гэж хэлсэн. Ийм шат дараалалтай явахгүй ээ. УИХ-ыг тараадаг эрх нь зөвхөн УИХ-д бий. Ерөнхий сайд өөрийнхөө хэлж ярьж байгаа үг бүрийг байнга санаж бодож явах ёстой. Нийгэмд үүсч буй ЖДҮ-ийг тойрсон асуудлыг дарахын тулд улс төрийн хийрхэл, Үндсэн хуулийн зөрчил, нийгмийн эмх замбараагүй байдал руу түлхэх гэсэн оролдлого хийж эхлэх гэж байна уу гэж харж байна. Над руу дайрах гүтгэлгүүдээс би айхгүй. Надад санхүү, тендер, концесс зэрэг элдэв мөнгөтэй холбогдсон асуудал  огт байхгүй. Үүнийг би хариуцлагатай хэлж чадна. Харин би хууль бус бусармаг үйлдлүүдтэй ард түмэнтэйгээ, УИХ-ын гишүүдтэйгээ нийлж тууштай зарчим барьж ажиллана. Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр УИХ-ын 29 гишүүн Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан гэдэг худал мэдээлэл гарлаа. Ард түмэнд 2016 онд манай намд итгэл үзүүлэхдээ УИХ-аа тарааж тогло гэж сонгоогүй. Биднийг тамирдсан шударга ёсоо сэргээ, ядарсан ард түмэндээ тусалж, амласан мөрийн хөтөлбөрөө сэргээ гэж л сонгосон. Тийм учраас энэхүү шаардлагыг хүргүүлж байгаа юм.

Шаардлагын гол санаа нь ЖДҮХС-гаас зээл авсан шат шатны хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байна. Тухайлбал, УИХ-аас ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг Ёс зүйн хороогоор оруул гэж шаардаж байгаа. Хэрвээ зээл авч, ББСБ, ХЗХ-гоор энийг дамжуулсан гэдэг нь илрэх сэжиг, таамаг гарвал УИХ-аас ажлын хэсэг гарч, үүнийг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх  хэрэгтэй. УИХ-аас томилдог хүмүүст хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байна. ЖДҮХС болон Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооноос гаргаж, дүгнэлтийг нэн яаралтай УИХ-д өргөн барих шаардлагыг УИХ-ын даргад тавьж байгаа. Ерөнхий сайдад ЖДҮХС-тай холбогдсон бүх сайдаа огцруулах асуудлыг УИХ-д нэн яаралтай оруулж ирэх, орных нь хүмүүсийг томилох асуудлыг нэн даруй хийхийг шаардаж байна. Засгийн газрын бүтцийн байгууллага дотор байгаа тодорхой эрх мэдэл бүхий өндөр албан тушаалтнуудад улс төрийн хариуцлага тооц гэж  шаардлагад дурдсан байгаа. Мөн МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд энэ асуудалтай холбогдсон нь тодорхой болбол Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөл гэж шаардаж байна. Энэ сарын 20-ны дотор МАН-ын Бага хурлаа хуралдуулж, энэ бүх бусармаг үйлдэлд тооцох сахилга, хариуцлагын асуудлаа хэлэлц гэдэг шаардлага тавьж байгаа. Одоо манай Удирдах зөвлөлийн хурал болж байгаа. Энэ үеэр УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад гардуулна. Шаардлага хүргүүлсний дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим ертөнцөөр дамжуулан нэлээд дайралт ирэх байх.  Тэд юу ч гаргаж тавьж болно. Энд намайг энэ зүйлүүдээс айгаад элдэв юм ярьж явна гэж ойлгох хэрэггүй. Би энэ асуудалд холбогдолгүй учраас үүнийг цааш нь дарах мөнгө, хөрөнгө надад байхгүй. Тийм учраас үнэн юм үнэнээрээ явах ёстой гэдэг зарчим барьж ажиллана. Өнөөдөр бидэнд шударга ёс юу юунаас илүү чухал байна. Би АТГ, ТЕГ, шүүх болон цагдаа, прокурорын байгууллагуудад нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг хэлж байгаа.  “Ерөнхийлөгч бид хоёр  шүдгүй арслан шиг болчхоод байна” гэдэг үгийг Ерөнхий сайд УИХ-ын индэр дээрээс хэлж байна. Өнөөдөр Ерөнхийлөгчид эрх мэдэл нь байна. Прокурор, шүүгчийг томилдог, тэдэнтэй сахилга, хариуцлага ярих эрх мэдэл нь байна. Тагнуул, цагдаа, АТГ гээд Ерөнхий сайдын эрх мэдлийн байгууллагууд байна. Өөр ямар эрх мэдэл хүсээд байгааг би ойлгохгүй байна. Зөвхөн эрх мэдлээ хэрэгжүүлэхийг шаардаж байна. Үнэхээр эрх мэдэл нь дутаад байвал түүнийгээ УИХ-д хэлж гаргуулж ав. Би энэ асуудлыг гайхаж байна. “Ерөнхийлөгч бид хоёр  шүдгүй арслан шиг болчхоод байна. Хий л архирдаг” гэж. Ийм зүйлийг Ерөнхий сайд ярьж болохгүй. Үүнийгээ олон нийтийн өмнө тайлбарлах хэрэгтэй. Яагаад шүдгүй арслан шиг болсон, өөрийнх нь мэдлийн хууль, хүчний байгууллагууд, Засгийн газраа зохион байгуулаад шударга бус явдалтай тэмцэж чадахгүй байгаа вэ. Энэ бүхнийгээ олон түмэнд танилцуулах ёстой. Шударга байж шударга ёсны төлөө ярих ёстой гэдгийг би бүх улс төрийн албан тушаалтнуудад хандаж хэлмээр байна. Би үүнийг бүлэг дээрээ ч хэлдэг. Мөнгө мөртэй шүү. Элдэв долоон мөнгөтэй холбоотой асуудал, тендертэй холбоотой асуудлаас улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнууд хол явах ёстой гэдэг зарчмыг би өөрийнхөө гишүүдэд хэлдэг. Тийм учраас манай бүлгийн гишүүд үүнийг маш сайн ойлгож байгаа. Миний энэ үйлдэл ямар нэгэн байдлаар улст төрд тэрсэлсэн, намын даргатайгаа тэрсэлдсэн зүйл байхгүй. Зөвхөн шударга ёсны төлөө үүнийг  хийж байгаа гэдгийг ард түмэн зөвөөр ойлгоорой” гэлээ. .

Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-УИХ-д үнэмлэхүй олонхыг бүрдүүлж байгаа МАН-ын хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг эрх баригчид хамгаалж үлдсэн. Тэгээд өнөөдөр шударга хүний дүр эсгээд зогсож байх нь зөв үү?

-УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх ёстой гэдгийг би маш тодорхой илэрхийлж байсан. Харин Б.Батзоригийн одоо үүсээд байгаа нөхцөлтэй холбоотой өөрийнх нь гаргасан шийдвэрүүд бүгд ил байгаа бол түдгэлзүүлэх шаардлагагүйгээр шалгаад явах боломжтой гэж үзсэн.

-Та өөрөө ЖДҮХС-аас зарим гишүүдэд зээл олгохыг дэмж гэсэн агуулга бүхий албан бичиг хүргүүлж байсан гэсэн. Үүнд та ч мөн хариуцлага хүлээх нэг асуудал биш үү?

-Орон нутгуудаас УИХ-ын гишүүдэд хандан ЖДҮХС-гаас зээл авах хүсэлт ирдэг. Арга ядарсандаа л бидэн рүү ханддаг юм билээ. Үнэхээр юм хийх гээд, тэр төслөө дэмжүүлэх гээд. Ямар ч дэмжлэггүй болохоороо биднийг дэмжиж өгөөч гэж гишүүдэд ханддаг. Би олон бичиг хийж өгсөн. “Энэ төслийг дэмжиж байна. Үүнийг хуулийн дагуу хянаж үзээд, дэмжиж өгөхийг хүсье” гэсэн л бичиг. Үүнийг нь хуулийн дагуу судалж үзээд, зөв зүйтэй байвал дэмжээд үгүй бол татгалзсан хариугаа өгнө. Хэрэв миний нөлөөллөөр ямар нэгэн байгууллагад зээл өгсөн бол би шалгуулахад бэлэн байна. Та нар ХХААХҮЯ дээр очоод үзэж болно. Олон гишүүн жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсээ дэмжиж бичиг өгсөн. Харамсалтай нь тэдний маань хүссэн дэмжлэгийг өгч чадахгүй байгаад л харамсаж байна.

-ЖДҮХС-гаас зээл авсан долоон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай бичиг прокуророос ирж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Энэ талаар надад мэдээлэл ирээгүй.

-Засгийн газрыг огцруулахаар 29 гишүүн гарын үсэг зурсан тухай мэдээлэл байна?

-Засгийн газрыг огцруулах асуудал яригдаагүй. Надад ийм бичиг ирээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж