Чөлөөт бүсийн тухай хуулийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2015.02.12-нд нийтлэгдсэн

Чөлөөт бүсийн тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2015.02.12/ нэгдсэн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Хоёрдугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхлүүлэн Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссон юм. Энэ өдрийн хуралдаанаар Эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдсэн саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хууль, тогтоолын төслүүдийг баталлаа.

Үүний дараа Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа. Засгийн газраас өрийн удирдлагын бодлого, өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газрын зээллэг хийх замаар өр үүсгэх, дамжуулан зээлдүүлэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг тусгайлан зохицуулах нь зүйтэй хэмээн үзэж хууль, тогтоолын төслүүдийг боловсруулсан байна.

Төсвийн байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдээс санал гараагүй хэмээн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, аймаг, нийслэлийн өр, төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн өр Засгийн газрын өрөнд орж тооцогдох уу хэмээн лавласан. Сангийн сайд Ж.Эрдэнэбатын хэлснээр аймаг, нийслэлийн өр Засгийн газрын өрийн хэмжээнл орж тооцогдох юм байна. Харин төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өр Засгийн газрын өрөнд тооцогдохгүй ажээ.

УИХ-ын гишүүд өрийн шалгуур үзүүлэлтийг яаж авч үзсэн, өрийн дарамтыг хэрхэн ойлгох, өр төлөх систем, Засгийн газрын баталгаа гаргах ямар зохицуулалтууд байгаа, хувийн компанид Засгийн газрын баталгаа гаргаж буй эсэх, Засгийн газрын гаргасан баталгааний хэмжээний талаар Сангийн сайдаас асууж тодруулсан.

Сангийн сайд Ж.Эрдэнэбатын хариулснаар, Засгийн газрын өрийн хэмжээнд Засгийн газрын 2.8 их наяд төгрөгийн баталгаа багтаж байгаа аж. Гэхдээ хувийн компанид Засгийн газрын баталгаа гаргаагүй бөгөөд дээрх баталгаа төрийн өмчит компаниудад л хамаатай юм байна. Засгийн газрын баталгааг дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуулийн төсөлд тусгасан бөгөөд одоогийн байдлаар Засгийн газрын баталгаа дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувьтай тэнцэж байгаа ажээ. Гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.9 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хороогоор тогтоолын төслийг хэлэлцэх үеэр гишүүдээс санал гараагүй хэмээн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан юм. Ингээд ажлын хэсгээс гаргаж, Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Энэ өдрийн хуралдаанаар “Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг үргэлжүүлэн хэлэлцлээ. Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа өнөөдөр дууссан юм. Тогтоолын төслийн талаар гаргасан “Шударга ёс” эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ уншиж танилцуулсан юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 62.1 хувийн саналаар тогтоолыг баталсан юм.

Үүний дараа Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Тус байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Уг санал дэмжигдсэнээр кинотеатрт гаргаж байгаа нийт киноны болон интернэт протоколд суурилсан телевизүүдийн кино сангийн 40 хувь нь монгол кино байхаар хуульд тусч байгаа юм. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 75.9 хувийн саналаар дээрх хуулийн төсөл батлагдсан.

Дараа нь Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа дууссан учир хэлэлцүүлгийг үргэлжүүлэн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор дэмжигдсэн саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Монгол хэлний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг байв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар Монгол хэлний тухай хуулийг баталлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж