Европын Монголчууд гэгддэг Унгарын Дебрецен хотод Иштван Бочкаин нэрэмжит Олон улсын “А” зэрэглэлийн 59 дэх удаагийн тэмцээн хоёрдугаар сарын 4-нөөс 7-нд болж өндөрлөжээ.
Хөгшин Европын цуврал тэмцээнүүдээс нэр хүндээрээ дээгүүр жагсдаг энэ тэмцээнд эх орноо төлөөлж эрэгтэйчүүдийн шигшээ багийн найман тамирчин хүч үзсэнээс:
-
48 кг-ийн жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ мөнгө,
-
52 кг-ийн жинд спортын мастер А.Нурлан хүрэл,
-
56 кг-ийн жинд ОУХМ Э.Идэрхүү алт,
-
64 кг-ийн жинд ОУХМ Б.Чинзориг алт,
-
69 кг-ийн жинд ОУХМ Б.Түвшинбат алт,
- 81 кг-ийн жинд ОУХМ С.Эрдэнэбаяр нар хүрэл медаль хүртэн бахдам амжилт гаргаад ирэв.
Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл олимпийн наадмаас гурван алтан медаль анхлан хүртэж Унгарын спортын домог болсон алдарт боксчин Ласло Паппын эх орон нэгтнүүд гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар 20 орны боксчдыг манлайлсан Монголын боксчдод тун элэгсэг дотно хандсан гэнэ.
Өчигдөр өглөө Спортын төв ордны боксын зааланд Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган тэргүүтэй албаны хүмүүс болон боксын шигшээ багийнхан Дебрецений тэмцээний баатруудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэ үеэр тус тэмцээний 69 кг-д аваргалсан Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Түвшинбат, 52 кг-д хүрэл медаль хүртсэн спортын мастер А.Нурлан нартай уулзаж сэтгэгдлийг сонссон юм.
Б.Түвшинбат: Унгарчууд Монгол, Монгол хэмээн дэмжиж байсан
-За баяр хүргэе. Энэ тэмцээнд хэд дэх удаагаа оролцоод ирэв. Урьд нь ямар амжилт гаргаж байсан бэ?
-Унгарт жил бүр болдог “А” зэрэглэлийн энэ тэмцээнд миний хувьд хоёр дахь удаагаа оролцож аваргын алтан медалийг эх орондоо авч ирсэндээ сэтгэл хангалуун байна.
Энэ тэмцээнд бокс өндөр хөгжсөн Европын голдуу 20 орны 150 гаруй боксчин өрсөлдсөн. Би эхний удаа энэ тэмцээнд оролцохдоо медаль авч чадаагүй. Харин энэ удаа заавал түрүүлэх зорилготой оролцоод санасандаа хүрлээ.
-Хэдэн тулаан хийж алтан медаль хүртэв?
-Би гурав тулалдан ялалт байгуулж, алтан медаль хүртсэн. Эхний даваанд Хятадын тамирчин, дараагийн тулаанаа Казакстаны тамирчинтай хийсэн. Аваргын төлөө Украины боксчныг ялж, алтан соёмбот далбаагаа мандуулсандаа их баярласан. Казакстан, Украин хоёр бол дэлхийн боксын хөгжлийг тодорхойлдог том гүрнүүд учир хоёр, гуравдугаар тулаанууд нэлээн ширүүн болсон.
Хэдийгээр 2016 оны олимпийн циклтэй уялдан шинээр гарч ирж байгаа залуу тамирчид ч гэсэн маш ширүүн эсэргүүцэлтэй тулж ялалт байгууллаа.
Ялангуяа Украины боксчинтой аваргын төлөө тулалдаж байхад сүүлийн раундад хөмсөг задарч, шүүгчид тэмцээнийг дуусгалгүй өрсөлдөгчид маань ялалт өргөчих вий гэж их нервтсэн. Харин цаг дуусаж байсан болохоор аварга болж, Монголынхоо нэрийг дуудуулсныхаа дараа л сэтгэл амарсан.
-Тэмцээний зохион байгуулалт, боксын тэмцээний үеэр хамгийн их сэтгэл зовоодог шүүлтийн асуудал ямархуу байсан бэ?
-Энэ удаагийн тэмцээний шүүлт үнэхээр сайхан шударга болсныг хэлэх ёстой. Ер нь боксчин хүний ганц айдаг зүйл бол шүүгчдийн шүүлт л байдаг. Урьд өмнө нь шүүгчдийн буруугаас бид олон удаа хохирч байсан. Харин энэ удаа яах аргагүй үнэн зөв шүүсний хүчинд бид гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж Унгарын дэвжээнд багаараа түрүүлээд ирлээ.
-Унгар бол боксын маш арвин баян түүхтэй, алдарт боксчдын өлгий нутаг. Ер нь Монголын боксчдыг аль хэр мэдэж, дэмжиж байсан бэ?
-Тэгэлгүй яах вэ. Олимпийн гурван удаагийн аварга Ласло Паппаас эхлээд Унгарын боксчид үнэхээр мундаг. Нөгөөтэйгүүр Унгарчууд өөрсдийгөө Европын Монголчууд гэж ярьдаг.Тэмцээний үеэр Унгарын хэвлэл мэдээллээр “Чингисийн Монголын боксчид ирлээ” гэж ихээхэн мэдээлэл цацах шиг болно лээ. Яг тэмцээний үеэр зааланд цугласан хөгжөөн дэмжигчид, тэр ч байтугай боксчид нь хүртэл “Монгол, Монгол” гэж биднийг халуун дотноор дэмжиж байсан нь их сайхан санагдсан. Яах аргагүй Европын Монголчууд, жинхэнэ Азийн Монголчуудтайгаа уулзалдаж байгаа нь алхам тутамд мэдрэгдэж байсан. Ер нь их сайхан тэмцээн болсон.
-Одоо Монголын боксчдыг өөр ямар тулаанууд хүлээж байгаа вэ?
-Энэ жил Ази тивийн аварга, дэлхийн аварга гээд аргагүй л хоёр том тэмцээн биднийг хүлээж байна. Завсар нь Олон улсын олон тэмцээн байгаа. Гэхдээ Азийн аварга, дэлхийн аварга хоёрт амжилт гаргах нь боксчин болж, дэвжээн дээр нударга зөрүүлж яваа тамирчин бүрийн мөрөөдөл байдаг болохоор эдгээр тэмцээнд л амжилт гаргахыг маш их хүсэж байна.
-Түвшинбат аль хэр жин хасч тэмцээндээ ордог вэ?
-Миний тогтмол жин 71-72 байдаг болохоор дээд тал нь гурваас дөрвөн кг хасч байж тэмцээнд ордог. Сая Унгарын тэмцээнд гурван кг орчим хасаад д хэвийн хэмжээнд орж тоглосон. Улсын аваргын тэмцээн долоохон хоногийн өмнө өндөрлөсөн болохоор ер нь форм сайтай байсан л даа.
-Шинэ дүрмээр дуулгагүй тоглодог болсноос хойш боксчдын хөмсөг нэлээн задардаг болсон. Өөрийн чинь хөмсөг бас нэлээн гүн задарсан шиг байна. Одоо ер нь дуулгагүй тоглоод дасаж байна уу?
-Ер нь дуулгагүй тоглоход нэг их хүндрэл байхгүй л дээ. Хамгийн гол нь мөргөлдөөнөөс л бултаж сурах шаардлагатай юм.
-Азийн тоглолтын үеэр харж байхад Узбекийн боксчин манай тамирчныг зориуд ирж мөргөөд байсан. Сая өөрийг чинь зориуд мөргөчхөөгүй байгаа?
-Хэ хэ, сайн анзаарсангүй. Гэхдээ зориуд ирж мөргөөд байдаг боксчин байдаг л юм. Хүний духны яс их зузаан байдаг болохоор хөмсгөн дээр таарахаараа шууд л задарчихдаг.
Саяын тэмцээн дээр Украинтай аваргын төлөө тулалдаж байхад шүүгч зогсоочих вий гэхээс үнэхээр их түгшиж байсан. Яах аргагүй цаг дуусаж байсан болохоор урагшаа явсаар байгаад дуусгасан даа.
-Тэмцээнд түрүүлсэн боксчдод олгосон энэ цомыг мөнгөн шагнал дагалдсан уу?
-Унгарын тэмцээн “А” зэрэглэлийн гэдгээрээ л том юм. Түүнээс биш түрүүлсэн тамирчинд ямар нэгэн мөнгөн шагнал олгодоггүй юм билээ.
-За энэ жилийн хоёр том тэмцээндээ амжилт гаргаарай?
-Их баярлалаа. Боксчдоо үргэлж дэмжиж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байдаг Монголын ард түмэндээ удахгүй болох Цагаан сараараа өнгөтэй, өөдтэй, дэлгэр сайхан шинэлээрэй гэсэн сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Спортын мастер А.Нурлан: Шигшээ багийн ах нартаа их баярлаж явдаг
-За Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд оролцож, хүрэл медалиар энгэрээ мялаагаад ирсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. 2015 он гараад оролцсон анхны Олон улсын тэмцээндээ хүрэл медаль хүртсэндээ их баяртай байна.
-А.Нурланы хувьд Унгарын тэмцээн хилийн чанадад оролцсон хэд дэх Олон улсын тэмцээн бэ?
-За байз, найм дахь тэмцээн юм байна.
-Унгарт хэдэн тулаан хийж хүрэл медаль хүртэв?
-Эхлээд дэвжээний эзэн Унгарын боксчныг ялсан. Медалийн төлөө Польшийн тамирчныг ялаад мөнгөн медалийн төлөө Азербайжаны боксчинтой тулж 2:1-ээр ялагдсан.
-Энэ жил өөр ямар тэмцээн А.Нурланыг хүлээж байгаа бол?
-Энэ жилийн Азийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нударга зөрүүлмээр л байна. Гэхдээ түүнийг шигшээ багийн удирдлагууд мэднэ.
-Боксын спортоор хэдэн жил хичээллэж байна. Анхны багш нь ямар хүн байдаг вэ?
-Би боксын спортоор 2009 оноос хичээллэж эхэлсэн. Анхны багш Баян-Өлгий аймгийн Соёл, спорт аялал жуулчлалын газрын дарга Х.Хайнар гэж хүн байгаа. Энд ирээд Үндсэний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн багшийн удирдлага дор хичээл сургуулилтаа хийж байгаа.
-Шигшээ багт хичээллэхээс гадна сурч байгаа гэсэн үү?
-Тийм Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн гуравдугаар курсэд сурч байна.
-За цаашдаа улам их амжилт гаргаарай?
-Баярлалаа. Залуу тамирчин намайг дэмжиж, урамшуулан хилийн дээс алхуулж, Олон улсын "А" зэрэглэлийн том тэмцээнд оролцуулсан Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн багшдаа болон намайг үргэлж, дэмжиж тусалж байгаа шигшээ багийн ах нартаа их баярлаж яваагаа танай сониноор дамжуулан илэрхийлж байна. Цаашдаа улам их хичээх болно.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"