“Нүхт тур” яагаад шүүхэд гомдол гаргав?

Хуучирсан мэдээ: 2015.02.12-нд нийтлэгдсэн

“Нүхт тур” яагаад шүүхэд гомдол гаргав?

“Нүхт тур” ХХК-ийн нэхэмжлэлтэй МИАТ компани болон Төрийн өмчийн хороонд холбогдох тендерийн маргааныг өнөөдөр шүүх хурал Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд болсон. Хариуцагч талаас буюу МИАТ компаниас хэргийг шүүж байгаа шүүгч Д.Халиунаагаас татгалзсан тул хүсэлтийг шийдвэрлэхээр хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. “Нүхт тур” компаниас чухам ямар асуудлаар гомдол гаргасан талаар тус шүүхийн Олон нийттэй харилцах ажилтан Н.Зол-Эрдэнээс тодрууллаа.

-“Нүхт тур” компанийн зүгээс ямар асуудлаар шүүхэд гомдол гаргасан бэ?

-Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатарын шийдвэрээр МИАТ компанид катеринг/хоол хүнс нийлүүлэх/ нийлүүлэх тендерийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зарласан. Энэхүү шийдвэрийг хүчингүй болгохыг “Нүхт тур” компаниас нэхэмжлээд байгаа юм. Мөн МИАТ-д катеринг нийлүүлэх эрхийг хоёр жилээр сунгах хүсэлт тавиад байгаа.

-Шүүх хурал ямар шалтгаанаар, хэдэн хоногоор хойшилсон бэ?

-Хариуцагч талаас шүүгчээс татгалзах хүсэлтийг тавьсан. Энэхүү хүсэлтийг ерөнхий шүүгч хүлээн авч шийдвэрлэх юм. Шүүх хурал хэзээ дахин товлогдох нь тодорхойгүй байна.

Дашрамд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Нүхт тур” компаниас МИАТ-д нийлүүлж буй хоол хүнс нь шаардлага хангахгүй орчин нөхцөлд бэлтгэгдэн нийлүүлэгдэж байсныг тогтоосон тухай мэдээлсэн билээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж