Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн зарлагын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Төсвийн зарлагын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ч. Хүрэлбаатарыг дэвшүүлжээ. Нэр дэвшигчийн талаар асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй. Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувийн саналаар дэмжсэн юм. Зарим эх сурвалжийн мэдээллээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороог МАН-д өгч Өрийн удирдлагын хуулийг дэмжүүлэх тохиролцоо хийгдсэн гэж буй. Ямартаа ч өргөн баригдсанаасаа хойш эсэргүүцэлтэй тулгарсан Өрийн удирдлагын хуулийг хэлэлцэх эсэхийг МАН-ынхан үг дуугүй дэмжиж, Ч.Хүрэлбаатарыг ч Төсвийн зарлагын дэд хорооны даргаар шуудхан томилсон. Энэ нь хоёр нам тохиролцож шийдэлд хүрсэн гэх албан бус мэдээллийг нэг талаар баталж байх шиг.
С.ШАРХҮҮ