“Хэлсэндээ байхгүй бол МАН шийдвэрээ эргэж харна”

Хуучирсан мэдээ: 2015.02.12-нд нийтлэгдсэн

“Хэлсэндээ байхгүй бол МАН шийдвэрээ эргэж харна”

МАН-аас зохион байгуулдаг “Ардын индэр” уулзалт өнгөрөгч мягмар гаригт болсон. Энэхүү уулзалтад намын  Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат АН-ыг хэлсэн, ярьсандаа байхыг сануулсан юм. Энэ хүрээнд МАН-ын генсек Ж.Мөнхбатаас тодрууллаа.

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг яг энэ байгаагаар нь хэлэлцэх шаардлагагүй гэж АН-ын бүлэг үзсэн. МАН-ын  хувьд Засагт хамтарсан учраас шинээр тогтоолын төслийг батлах ёстой гэдэг байр суурь баримталж байгаа. Нэгдсэн  шийдэлд хүрч чадах уу?

АН-ын бүлэг огцорсон буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын  үед гаргаж байсан “Эзэн 100” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж байгаа. МАН энэ Засгийн газарт эдийн засгийн хямралыг зогсоох  гэж орсон. Үүний тулд бид төлөвлөгөө, хөтөлбөр гаргаж ажиллах ёстой. Манай намын бүлгийн зүгээс 50 гаруй заалт бүхий тодорхой саналтай хөтөлбөрийн төсөл боловсруулж өгсөн ч хэлэлцэхгүй гэж байгаа. Бид 70-80 хувь нь хэрэгжиж чадаагүй хөтөлбөрийг үргэлжлүүлж хэрэгжүүлэх гэж Засгийн газарт ороогүй. Энэ мэтээр олонхыг бүрдүүлж байгаа улстөрийн хүчин АН гэрээнээсээ буцах хандлагууд гарч байна.  Энэ  асуудлаар нам дотор нэлээд шүүмжлэлтэй байр суурь гарч  ирсэн. Бид намын бага хурлаасаа МАН, АН Засагт хамтрахдаа гэрээгээ мөрдөнө гэдэг  үүрэг хүлээсэн. Гэрээнээсээ буцсан тохиолдолд Засагт хамтарсан шийдвэрээ цуцалж болно гэсэн эрхийг Удирдах зөвлөлд өгсөн. Хэрэв хэлсэн ярьсандаа байжчадахгүй бол МАН шийдвэрээ эргэж харах нөхцөл үүсч болзошгүй гэдэг утгаар “Ардын индэр” уулзалтад мэдэгдэл хийсэн юм.

-Байнгын хороогоор Өрийн удирдлагын хууль хэлэлцэхийг дэмжлээ. Уг нь МАН  Өрийн удирдлагын хуулийн хүрээнд дахин нэмж өр зээл тавихыг хатуу эсэргүүцэж байсан. Гэхдээ хууль батлагдсанаар өр нэмэгдэх нь тодорхой болж байх шиг байна. Чухам ямар ойлголцол, зөвшилцөлд хүрсэн бэ?

-Өрийн тааз 58.3 хувь гэдэг бол өнөөдрийн байгаа түвшинг  нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн асуудал шүү дээ. Өрийн удирдлагын хуульд байгаа “өрийн таазын хэмжээ ДНБ-ний 40 хувиас хэтэрч болохгүй” гэдэг заалтыг өөрчлөөгүй. Нэгэнт  хүрчихсэн 58.3 хувийг тодорхой үе шаттай бууруулаад 40 хувь дээр авчрах асуудал юм. МАН 58.3 хувьд хүргээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Засгийн газрын баталгаа ДНБ-ний 20 хувьтай тэнцэх баталгааг Өрийн Удирдлагын хуульд оруулж өөрчилье, хүнд хэцүү байна гэдэг асуудлыг Ерөнхий сайдын зүгээс  тавьж байгаа. Хүнд хэцүү байдлаас гарах гээд байхад нь МАН дөргүй бух шиг зүтгээд байгаа юм огт байхгүй. Ойлголцоод явъя л гэж байгаа. Гэхдээ 20 хувь гэдгийг яаж ойлгох вэ гэдгийг нухацтай авч үзэх хэрэгтэй. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар Засгийн газрын баталгааг улсын өр гэж тооцож байгаа бол Засгийн газраас оруулж ирж байгаа санал тооцохгүй болоод 58.3 хувь дээрээ бариулаад явъя гэж байгаа. Нам дотор энэ асуудлаар эсрэг тэсрэг байр суурь байна. Энэ хууль намрын чуулганаар хэлэлцэж дуусахгүй байх. Хаврын чуулган руу шилжих  болов уу. Энэ асуудал дээр завсарлага авах нь  зөв гэдэг санал ч бүлэг дээр яригдсан.

-Тавантолгой төсөл ер нь явах нь уу. МАН-д энэ төслийг цааш нь явуулах сонирхол байна уу?

-Тавантолгой, Оюутолгой дээр хоёр намын хамтарсан гэрээнд энэ нөхцөл байдлыг  бууруулахгүй, ард түмэн, олон нийтэд нээлттэйгээр, Засгийн газраас гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллана гэж  заасан. Сүүлийн үед Засгийн газар Тавантолгой төслийг  УИХ-д оруулахгүйгээр батална гэх мэдээлэл явж байна лээ. Ийм байж болохгүй. Энэ төслийг заавал УИХ-д оруулж хэлэлцүүлэх ёстой. Цөөн хэдэн хүн нийлж байгаад шийдвэр гаргахаар ямар үр дүнд хүрдэгийн горыг бид амслаа. Зүгээр нэг бүлгийн хуралдаанд  мэдээлэл өгснөөрөө нээлттэй хэлэлцүүлсэн гэсэн үг биш. УИХ дээр хэлэлцүүлж байж шийдэх ёстой гэдэг зарчмын байр суурь баримталж байгаа.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж