УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төрийн байгуулалтын байнгын хороодын хамтарсан хуралдаан өнөөдөр болж, Монгол хэлний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Тухайлбал, “Монгол хэлний тухай хууль тогтоомжийн холбогдох зөрчлийн талаар энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллага болон холбогдох бусад байгууллагад мэдээлэх” гэсэн төслийн 20.2.2 дахь заалтыг бүхэлд нь хасахаар болов. Мөн төслийн 17.1.2 дахь заалтыг “харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирил болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл аль нэгээр нь бичиж хэвших ажлыг зохион байгуулах” гэж өөрчлөн найруулахаар боллоо. Түүнчлэн төслийн 7.6 дахь хэсгийг хасахаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороодын хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш гишүүний саналаар дэмжлээ. Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Бүх шатны боловсролын байгууллага” гэсэн төслийн 16 дугаар зүйлийн толгойг “Ерөнхий боловсролын байгууллага” гэж өөрчлөх, үүнтэй холбогдуулж төслийн энэ зүйлийн зарим заалтыг өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн юм.
Ажлын хэсгээс гаргасан саналын дагуу уг хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагатай холбогдсон төслийн 23.1.1 дэх заалтыг өөрчлөн найруулахаар тогтов. Ингэснээр уг хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зохицуулагдаж байгаа юм. Харин албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тусгажээ.
Ингээд Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.
Г.НАРАН