Маргаан дагуулсан хууль

Хуучирсан мэдээ: 2015.02.12-нд нийтлэгдсэн

Маргаан дагуулсан хууль

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төрийн байгуулалтын байнгын хороодын өнөөдрийн хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ хууль УИХ дээр хамгийн их маргаан дагуулж байна. 

  УИХ-ын 76 гишүүн дунд “Шинэ үсгийн багш” нар олширч, зарим нь мэргэжлээ солиод Монгол хэлний судлаачид болох нь холгүй байгаа юм. 

Хууль санаачлагчид нь яагаад энэ хуулийг УИХ-д өргөн барьж байгаагаа, зорилго нь юу вэ гэдгийг хуулийн төсөлдөө тод тодорхой суулгасан байгаа. Тодруулбал, энэ хуулийн зорилт нь монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршиж буй юм.

 Байнгын хороодын хуралдаанаар ажлын хэсгээс гаргасан саналын дагуу уг хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагатай холбогдсон төслийн 23.1.1 дэх заалтыг өөрчлөн найруулахаар санал нэгджээ. Монгол хэлний тухай хуулийн төсөлд дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зохицуулагдаж байгаа юм. Харин албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуулийн төсөлд суулгажээ.   Энэ хуулийг байнгын хороодын хамтарсан хуралдаанаар  чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Харамсалтай нь, аливаа хуулийн төсөл болгон дээр улстөржих дуртай МАН ч дуугай суусангүй, намын дарга М.Энхболд “ дэндүү нэг талыг харсан өрөөсгөл зүйл” гэж бодож байгаагаа хэвлэлээр дамжуулан дуулгав. Үндэсний бичгээ, өв соёлоо хамгаалж үлдэх нь юуных нь туйлшрал байх билээ." Идэх хоолгүй байхад юун бичиг үсэг вэ" хэмээн Ё.Отгонбаяр гишүүн эсэргүүцлээ илэрхийлэв. Уг нь энэ хуулийг улстөржүүлээд, хэрэлдээд байх шаардлагагүй юм.  Үр хүүхэд, ирээдүйдээ үндэсний өв соёл, бичиг үсгээ үлдээх нь МАН-ынханд чухам яагаад таалагдахгүй байгаа нь бүү мэд.  Ямар байсан   Их хурал дээр энэ хуулийг хэрүүлийн алим болгож хувиргасан бол харин  Монгол хэлний тухай хуулийг батлахыг эрдэмтэд дэмжиж байна.

Төрийн ажлыг уйгаржин монгол бичгээр  явуулах нь зөв. Ингэж байж л бид үндэсний бичиг соёлоо түгээж, хөгжүүлж чадна гэдгийг судлаачид тайлбарлаж байгаа.  Ямар сайндаа Ш.Чоймаа багш “Монгол бичгийг сэргээхэд үндэсний ухамсар хэрэгтэй” байгааг улстөрчдөд сануулах билээ.   Мөн Монгол бичгээр төрийн хэргийг хөтлөх тухай асуудал хэдэн эрдэмтний сэтгэлийн хөөрлийн асуудал төдий өн­гөцхөн зүйл биш гэдгийг ч хууль санаачлагчид нь хэлж байгаа юм .

Ингээд УИХ-ын гишүүн С.Батчимэг нарын санаачилсан Монгол хэлний тухай хуулийн төсөлтэй танилцана уу.

Б.ХОНГОР

МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Монгол хэлний тухай хууль тогтоомж

2.1.Монгол хэлний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуулиас өөрөөр заасан бол уг гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэн, харъяалалгүй этгээд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бусад хуулийн этгээдэд хамаарна.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“төрийн албан ёсны хэл“ гэж төрийн байгууллага, хуулийн этгээдийн аливаа үйл ажиллагаа явуулах, албан хэрэг хөтлөх орчин цагийн утга зохиолын болон аман ярианы монгол хэлийг;

4.1.2.“монгол хэлний хэм хэмжээ” гэж орчин цагийн монгол утга зохиолын хэлний зүй тогтол, найруулан бичих ёс, зөв дуудах зүй, зөв бичих дүрмийг;

4.1.3.“үндэсний монгол бичиг” гэж уламжлалт монгол бичгийг.

5 дугаар зүйл. Хуулийн үндсэн зарчим

5.1.Монгол хэл нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа мөн.

5.2.Монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах нь төрийн үүрэг мөн.

5.3.Монгол Улсын иргэн бүр монгол хэл, бичиг үсгээ сурах, монгол хэлээр мэдээлэл авах, өвлөх, өвлүүлэх, хамгаалах, хөгжүүлэх боломж, нөхцлөөр хангагдах эрхтэй.

5.5.Монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх нь иргэн бүрийн үүрэг мөн.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 МОНГОЛ ХЭЛИЙГ ХЭРЭГЛЭХ

  1. дугаар зүйл. Монгол хэлийг хэрэглэх

6.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа, албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна:

6.1.1.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт;

6.1.2.төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг байгууллагаас бусад бүх шатны боловсролын байгууллагын сургалт;

6.1.3.бүх шатны шүүн таслах ажиллагааны тэмдэглэл, архивын холбогдох баримт бичиг;

6.1.4.Монгол Улсын олон улсын гэрээ;

6.1.5.Монгол Улсаас гадаад улс, дипломат төлөөлөгчийн газарт илгээх албан ёсны ноот бичиг;

6.1.6.Монгол Улсын иргэний үнэмлэх, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, гадаад паспорт, боловсролын баримт бичиг;

6.1.7.газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам, талбайн нэр хуулийн этгээдийн хаяг;

6.1.8.Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бичиг, захидал хүлээн авагч, илгээгчийн хаяг;

6.1.9.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэвлэн гаргах мэдээлэл, товхимол;

6.1.10.олон нийтэд зориулсан зар;

6.1.11.албан байгууллага, барилга, байгууламж, нийтийн тээврийн хэрэгсэлд байрлуулах зааварчилгаа мэдээлэл, аюулгүй ажиллагааны санамж;

6.1.12.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулж байгаа бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, хүчинтэй хугацаа, орц найрлагын талаарх мэдээлэл, хэрэглэх заавар, холбогдох анхааруулга, санамж.

6.2.Энэ хуулийн 6.1.4-6.1.6, 6.1.9-6.1.12-т заасан үйл ажиллагаа явуулах, албан хэрэг хөтлөхөд олон улсын харилцааны хэрэгцээ, шаардлагыг харгалзан гадаад хэл давхар хэрэглэж болно.

6.3.Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуулиас бусад ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн заана.

 

6.4.Газар нутаг, гудамж, зам, талбайд гадаад нэр оноох асуудлыг нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагатай зөвшилцөн шийдвэрлэнэ.

                       

6.5.Бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэхийг эрхэмлэнэ.

 

6.6.Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллага Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд гадаад хэлээр хандах бол монгол орчуулгыг хавсаргана.

 

6.7.Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын хуулийн этгээд, төрийн бус байгууллага Монгол Улсын төрийн байгууллага, иргэнтэй монгол хэлээр харилцаж, санхүү, татвар, хөдөлмөр, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой баримт бичиг, мэдээллийг монгол хэлээр үйлдэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БИЧИГ ҮСЭГ СОНГОН ХЭРЭГЛЭХ

7 дугаар зүйл. Бичиг үсэг сонгон хэрэглэх

7.1.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээд албан хэргээ кирил монгол бичгээр хөтлөн явуулна.

7.2.Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагсдад үндэсний монгол бичгийг зургаадугаар ангиас эхлэн төгсөх хүртэл хугацаанд тусгайлсан хөтөлбөрөөр тасралтгүй заана.

7.3.Их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хэсэг нь үндэсний монгол бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ.

7.4.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаас гадаад улсын адил төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг үндэсний монгол бичгээр үйлдэж гадаад хэлээрх орчуулгыг хавсаргана.

7.5.Монгол Улсын иргэний үнэмлэх, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, боловсролын баримт бичигт кирил монгол болон үндэсний монгол бичгийг давхар хэрэглэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРЭМ, ТОЛЬ БИЧИГ

8 дугаар зүйл. Монгол хэлний зөв бичих дүрэм, толь бичиг

8.1.Монгол Улсын хэмжээнд кирил монгол болон үндэсний монгол бичгийн зөв бичих нэгдмэл дүрэмтэй байх бөгөөд иргэн, хуулийн этгээд уг дүрмийг дагаж мөрдөнө.

 

8.2.Кирил монгол болон үндэсний монгол бичгийн зөв бичих дүрэм, түүний өөрчлөлтийг энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллага хариуцан боловсруулж, 21.1-д заасан эрх бүхий байгууллага баталснаар хүчин төгөлдөр болно.

 

8.3.Кирил монгол болон үндэсний монгол бичгийн зөв бичих дүрмийг баримтлан зохиосон толь бичгийг энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллага хянаж, 21.1-д заасан эрх бүхий байгууллага батална.

ТАВДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА,

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮҮРЭГ

  1. дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгч

9.1.Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар дараах үүрэг хүлээнэ:

9.1.1.монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой төрийн бодлогын талаарх саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

9.1.2.монгол хэл, бичиг үсгээ  эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, анхаарах асуудлын талаар хоёр жил тутам Улсын Их Хуралд мэдээлэл хийх;

9.1.3.монгол хэл, бичиг үсгээ хэрэглэх, эзэмших, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр зарлиг гаргах, төрийн холбогдох байгууллагад чиглэл өгөх;

9.1.4.энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагын бүрэлдэхүүнийг томилж, чөлөөлөх;

9.1.5.монгол хэл, бичиг үсгээ хамгаалах, хөгжүүлэх талаар идэвх санаачилга гаргасан иргэн, хуулийн этгээдэд дөрвөн жил тутамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгох;

9.1.6.хуульд заасан бусад үүрэг.

10 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурал

10.1.Монгол Улсын Их Хурал монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар дараах үүрэг хүлээнэ:

10.1.1.монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;

10.1.2.монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх улс төр, эдийн засгийн баталгааг бүрдүүлэх;

10.1.3.монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

10.1.4.хуульд заасан бусад үүрэг.

11 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газар

11.1.Монгол Улсын Засгийн газар монгол хэл, бичиг үсгээ эзэмших хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар дараах үүрэг хүлээнэ:

11.1.1.монгол хэлний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангах;               

11.1.2.монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний монгол бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, дүрэм, журам, үндсэн чиглэл боловсруулж хэрэгжүүлэх;

11.1.3.гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлд монгол хэл, бичиг үсэг, уламжлалт зан заншил, түүх соёлын мэдлэг эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;

11.1.4.төрийн захиргааны бүх шатны байгууллагад эх бичгийн түшмэл томилон ажиллуулж, төрийн албан хэрэгт кирил монгол болон үндэсний монгол бичгийн хэлний хэм хэмжээг мөрдүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах;

11.1.5.хуульд заасан бусад үүрэг.

  1. дугаар зүйл. Төрийн албаны төв байгууллага

12.1.Төрийн албаны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:

12.1.1.төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтыг энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагаас батламжилсан агуулгын дагуу зохион байгуулж, холбогдох мэдээллийн сан бүрдүүлэх;

12.1.2.хуульд заасан бусад үүрэг.

13 дугаар зүйл. Боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

13.1.Боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:

13.1.1.бүх шатны боловсролын сургалтын байгууллагын монгол хэл, үндэсний монгол бичиг, уран зохиолын хичээлийн стандарт, хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагын саналыг харгалзан батлах;

13.1.2.их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэлний шалгалтын агуулгыг энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагын саналыг харгалзан батлах;

13.1.3.багш, сурган хүмүүжүүлэх ухааны чиглэлээр их, дээд сургуульд элсэгчдээс тусгайлсан агуулгаар монгол хэл бичгийн шалгалт авах журам боловсруулан хэрэгжүүлэх;

13.1.4.хуульд заасан бусад үүрэг.

14 дүгээр зүйл. Соёлын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллага

14.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:

14.1.1.монгол хэл, бичгийн соёлын өвийг хамгаалах, үндэсний монгол бичгээрх оюуны өв сан, ардын аман зохиол болон монгол утга зохиолын судалгаа, сургалтыг өргөжүүлэх ажлыг боловсролын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

14.1.2.хуульд заасан бусад үүрэг.

15 дугаар зүйл. Мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн

төрийн захиргааны байгууллага

15.1.Мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах үүрэг хүлээнэ:

15.1.1.цахим орчинд монгол хэл, кирил монгол болон үндэсний монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, латин үсэг хэрэглэх загварчилсан дүрэм, стандартыг мөрдүүлэх ажлыг эрх бүхий судалгааны байгууллага, холбогдох бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

15.1.2.энэ хуулийн 21.1.-д заасан эрх бүхий байгууллагын баталсан кирил монгол болон үндэсний монгол бичгийн хооронд харилцан хөрвүүлэг хийх, зөв бичих дүрмийн алдаа хянах болон бусад холбогдох програмын хэрэглээг нэмэгдүүлэх, цахим орчинд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах.

15.1.3.хуульд заасан бусад үүрэг.

16 дугаар зүйл. Бүх шатны боловсролын байгууллага

16.1.Бүх шатны боловсролын байгууллага дараах үүрэг хүлээнэ:

16.1.1.суралцагсдад монгол хэл, үндэсний монгол бичиг, уран зохиолын хичээлийг эрх бүхий байгууллагаас баталсан хөтөлбөр, агуулга, стандартын дагуу тасалдалгүй явуулах;

16.1.2.хуульд заасан бусад үүрэг.

16.2.Энэ хуулийн 16.1.1. дэх заалт эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр гадаад хэлээр сургалт явуулдаг боловсролын сургалтын байгууллагад нэгэн адил хамаарна.

17 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга

17.1.Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга дараах үүрэг хүлээнэ:

17.1.1.харъяа нутаг дэвсгэрийн хүрээнд энэ хуулийн хэрэгжилтийг хангах, түүнтэй холбоотой үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

17.1.2.харъяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирил болон үндэсний монгол бичгээр бичиж хэвших ажлыг зохион байгуулах;

17.1.3.үндэсний монгол бичгийн хэрэглээг түгээн дэлгэрүүлэхэд идэвх санаачилга гарган ажиллаж байгаа иргэн, хуулийн этгээдийг урамшуулах ажлыг зохион байгуулах;

17.1.4.хуульд заасан бусад үүрэг.

18 дугаар зүйл. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага

18.1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага дараах үүрэг хүлээнэ:

18.1.1.энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчлийг холбогдох байгууллагуудад хандан шийдвэрлүүлж, үр дүнг шуурхай мэдээлэх;

18.1.2.хуульд заасан бусад үүрэг.

19 дүгээр зүйл. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэн нийтлэх

үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага

19.1.Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага дараах үүрэг хүлээнэ:

19.1.1.монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн монгол утга зохиолын хэлний хэм хэмжээг чанд баримтлах;

19.1.2.сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны мэргэжлийн ур чадварын шалгалтад монгол хэл бичгийн мэдлэгийн шалгуур тогтоосон байх.

19.1.3.хуульд заасан бусад үүрэг.

20 дугаар зүйл. Монгол Улсын иргэн

20.1.Монгол Улсын иргэн дараах үүрэг хүлээнэ:

20.1.1.монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх;

20.1.2.монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гаргах;

20.1.3.Монгол хэлний тухай хууль тогтоомжтой холбогдох зөрчлийн талаар энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллага болон холбогдох бусад байгууллагад мэдээлэх;

20.1.4.хуульд заасан бусад үүрэг.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

  1. дүгээр зүйл. Хэлний бодлогын үндэсний зөвлөл

21.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх үндсэн үүрэг бүхий Хэлний бодлогын үндэсний зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) ажиллана.

21.2.Зөвлөл 9 гишүүнтэй байна. Гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хэл, утга зохиолын эрдэмтэд, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөллөөс сонгож зургаан жилийн хугацаагаар томилно. Зөвлөлийн дарга, гишүүн хүндэтгэх шалтгаанаар ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон нөхцөлд Монгол Улсын Ерөнхийлөгч нөхөн томилно.

21.3.Зөвлөлийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч Зөвлөлийн гишүүдийн дотроос сонгож, гурван жилийн хугацаатай томилно. Зөвлөлийн даргыг хоёроос дээшгүй удаа улираан томилж болно.

21.4.Зөвлөл жилд хоёр удаа тогтсон хугацаанд хуралдах бөгөөд зайлшгүй шаардлага үүссэн нөхцөлд ээлжит бус хурлыг Зөвлөлийн даргын шийдвэрээр зарлан хуралдуулна.

21.5.Зөвлөл орон тооны Ажлын албатай байх ба Ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг Ажлын албаны дарга удирдан явуулна.

21.6.Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг Зөвлөлийн бүх гишүүдийн хурлаар батална.

21.7.Зөвлөл дараах үүрэг хүлээнэ:

21.7.1.монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой бодлого боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;

21.7.2.үндэстний цөөнхийн хэл, монгол угсаатны аман аялгууг судлах, хамгаалах, хөгжүүлэх, гадаад оронд суугаа монгол үндэстнүүд, олон улсын хэмжээнд монгол хэл, бичиг үсгийн хэрэглээ, сургалт судалгааг өргөжүүлэх, дэмжих чиглэлээр бодлого боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;

21.7.3.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан кирил монгол болон үндэсний монгол бичгийн зөв бичих дүрэм, түүний өөрчлөлтийг батламжлах;

21.7.4.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагын дүгнэлтэд үндэслэн кирил монгол болон үндэсний монгол бичгийн зөв бичих дүрмийн толь, үгийн сангийн толь болон бусад холбогдох толь бичгийг батламжлах;

21.7.5.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан гадаад нэр томьёоны орчуулга, монгол хэлний үгийн санд оруулах шинэ нэр томьёог батламжлах;

21.7.6.газар нутаг, гудамж, зам, талбайд гадаад нэр оноох эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж нутгийн өөрөө удирдах байгууллагад илгээх;

21.7.7.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан төрийн албанд анх орох иргэн болон гадаадын иргэнээс авах монгол хэлний төвшин тогтоох шалгалтын агуулгыг батламжлах;

21.7.8.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагын дүгнэлтэд үндэслэн кирил болон үндэсний монгол бичиг рүү харилцан хөрвүүлэх, зөв бичих дүрмийн алдаа хянах програмыг батламжлах;

21.7.9.төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага монгол хэлний хэм хэмжээг баримталж байгаа эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах;

21.7.10.энэ хуулийн хэрэгжилтэд жил бүр үнэлгээ хийж, үр дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид тайлагнах;

21.7.11.энэ хуулийн хэрэгжилт, зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авч холбогдох эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх;

21.7.12.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагатай хамтран монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг хэрэгжүүлэх.

ДОЛООДУГААР БҮЛЭГ

ЭРХ БҮХИЙ СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГА

22 дугаар зүйл. Эрх бүхий судалгааны байгууллага

22.1.Монгол Улсын Шинжлэх ухааны академийн бүтцэд монгол хэл, түүний хэрэглээ, хөгжлийг судлах, монгол хэлний хэм хэмжээ, үгийн сангийн өөрчлөлттэй холбоотой санал дүгнэлт боловсруулах эрх бүхий хэл бичгийн судалгааны хүрээлэн /цаашид “эрх бүхий судалгааны байгууллага” гэх/ ажиллана.

22.2.Эрх бүхий судалгааны байгууллага дараах үүрэг хүлээнэ:

22.2.1.монгол хэлний зөв бичих дүрэм боловсруулж, түүнд өөрчлөлт оруулах асуудлаар санал дэвшүүлэх;

22.2.2.эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний бусад байгууллагаас боловсруулсан бичиг үсгийн дүрмийн гарын авлага, монгол хэлний үгийн сангийн болон мэргэжлийн хэлний толь бичиг, бусад холбогдох толь бичиг монгол хэлний зөв бичих дүрэмд нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргах;

22.2.3.холбогдох мэргэжлийн байгууллагын туслалцаатайгаар гадаад нэр томьёог монгол хэлнээ орчуулах;

22.2.4.газар нутгийн оноосон нэрийг толь бичигт оруулах, жигдлэх, олон улсын газар зүйн нэрийн тольд бүртгүүлэх талаар энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий байгууллагад санал гаргах;

22.2.5.төрийн албанд анх орох иргэнээс болон гадаадын иргэнээс авах монгол хэлний төвшин тогтоох шалгалтын агуулга боловсруулах ажлыг зохион байгуулах;

22.2.6.монгол хэл, бичгийн зөв бичих дүрэм, хэрэглээтэй холбоотой стандартыг хянан, монгол хэлний батлагдсан хэм хэмжээнд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах;

22.2.7.нэр томьёоны талаар иргэн, хуулийн этгээдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх.

НАЙМДУГААР БҮЛЭГ

ХУУЛЬ ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

23 дугаар зүйл. Монгол хэлний тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд

дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна

 

23.1.Энэ хуулийн холбогдох заалтыг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин  нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

23.2.Энэ хуулийн 6.1.7, 6.1.8, 6.3, 7.2, 16.1.1, 16.2 дахь заалтыг зөрчсөн хуулийн этгээд эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй, зөрчлийг хоёроос дээш удаа давтан гаргасан бол тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцална.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

24 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

24.1.Энэ хуулийг 2014 оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж