УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14.00 цагт эхлүүлэхээр тов тогтоод байна. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын эхэнд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм.
Мөн “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд төрийн өмчийг хувьчлахдаа эдийн засагт эзлэх байр суурь, үйл ажиллагааны онцлогт тохируулан уламжлалт арга хэлбэрийг хэрэглэхээс гадна хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд санал болгох, нэмэлт хувьцаа гаргах, хувьцааны төлбөрийн тодорхой хэсэгт арилжааны банкнаас гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ашиглах зэрэг аргыг хэрэглэхээр боловсруулсан байна.
Эрчим хүч, шуудан холбооны салбарт гадаадын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, төрийн оролцоог бууруулах шаардлага тавигдаж байгаатай холбогдуулан нэмэлт хувьцаа гаргаж, тэдгээрийг нийтэд санал болгох замаар хувийн хөрөнгө оруулалтыг татах аргыг голлож баримталсан бөгөөд зах зээлийн шаардлагад нийцсэн бүтцийн өөрчлөлт хийхийг зорилго болгож үндсэн чиглэлийг боловсруулсан аж.
Нийгмийн салбарын төрийн өмчийн зарим байгууллагуудын бие даасан байдлыг хангах зорилгоор тэдгээрийн засаглалын орчинг боловсронгуй болгож төрийн өмчит эмнэлэг болон төрийн өмчийн их, дээд сургууль, зарим бололцоот соёл, урлагийн байгууллагыг ашгийн бус компанийн хэлбэрт шилжүүлэн удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн тогтолцоотой болгохоор тусгажээ. Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Үүнд Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/.
“Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх асуудал үргэлжилнэ/
Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхий сайд 2014.12.03-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/
Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/
Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/
Монгол хэлний тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/
Зөрчлийн тухай хуулийн болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/
Г.ДАРЬ