МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандан шаардлага хүргүүлж байна. Шаардлага хүргүүлэх болсон шалтгаан нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан дуулиантай холбоотой аж. Олонхын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан тойрсон дуулиан нийгмийг бухимдалд хүргэж байна. Гэтэл энэ асуудал намжих байх гэсэн хүлээлт манай намын удирдлагуудад байх шиг байна. Яагаад өнөөдөр нийгмийг бухимдуулж байгаа энэ асуудалд нам дуугарахгүй байна вэ, яагаад Ерөнхий сайд дуугарахгүй байна вэ. Нийгэмд үүсээд байгаа асуудлаар Ерөнхий сайд тодорхой арга хэмжээ авах ёстой. Намайг Ерөнхий сайдтай зөрчилдөж байна. Засгийн газраа авах гэж байна гэсэн яриа гаргаж байна. Би намын даргатай зөрчилдөөгүй. Би намын даргад юм хэлээгүй. Би Ерөнхий сайдыг ил тод шүүмжилсэн. Ил тод шүүмжлэлийг зөрчил гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл, бид зөв шүүмжилж байж энэ алдаа оноогоо ярилцах ёстой. Ерөнхий сайд чуулган дээр болон бүлгийн хуралдаан дээр болчимгүй үйлдэл олон удаа хэлсэн. Ерөнхий сайд "Би өнөөдөр болохгүй бол ард түмнээсээ дэмжлэг хүснэ, УИХ-ыг тараана" гэж яриад байна. УИХ-ыг тараадаг эрх УИХ-аас байгуулдаг Засгийн газарт байхгүй. Жижиг дунд үйлдвэрийн дуулианыг улс төрийн хийрхэл болон Үндсэн хуулийн зөрчлөөр дарна гэж байхгүй. Сүүлдээ Д.Хаянхярваа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг хаацайлаад засгийг огцруулах гэж байна гээд байгаа. МАН-ыг ард түмэн сонгохдоо УИХ-аа тарааж тогло, засаг төрөө бусниулж тогло гээгүй. Бидэнд тамирдсан эдийн засгаа сэргээ, шударга ёсыг тогтоо, зарчимтай ажилла, ард түмнийхээ төлөө ажилла гэсэн даалгавар өгсөн. Тиймээс л энэ бүхнийг У.Хүрэлсүхийн Засгийн газраас шаардана. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж, ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд хариуцлага хүлээлгэх, УИХ-ын гишүүдийн ёс зүйн хороогоор оруулж, хууль хяналтынханд шилжүүлэх, Засгийн газрын гишүүдийг болон нэр холбогдсон намын удирдах албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлага хүргүүлж байна. Надад М.Энхболд, У.Хүрэлсүх хоёртой тэрсэлдсэн юм байхгүй.
Б.БАТ
Холбоотой мэдээ