АНУ-ын Калифорни мужид дэгдээд байгаа ой хээрийн түймрийн улмаас 25 хүн амиа алдаж, 100 гаруй хүн сураггүй алга болж, 6700 орчим барилга байгууламж, объект шатаад байна. Аймшигт түймэр 80 мянган га талбайг хамраад байгаа ба одоогоор 300 мянган оршин суугчдыг түймрийн бүсээс нүүлгэн шилжүүлжээ. Нийт 8000 гал сөнөөгч түймрийн голомтод ажиллаж байгаа ба зургаан гал сөнөөгч хүнд гэмтсэн гэв. Энэ удаагийн түймэр нь Калифорни мужийн түүхэн дэх хамгийн хор хөнөөлтэй түймэр болж байна гэж албаны хүмүүс мэдээлж байна. Түймрийн голомтод ажиллаж буй албаныхны мэдээлж байгаагаар цаг агаарын байдал ялангуяа хүчтэй салхи нь түймрийг улам дэвэргэж, түймрийг унтраах ажилд саад болж байгаа аж. Салхины хурд ойролцоогоор 40 километр цаг байгаа гэнэ.
Калифорни мужийн захирагч Жерри Браун Ерөнхийлөгч Дональд Трампад яаралтай захидал илгээжээ. Тус захидалд Калифорни мужийн зүгээс түймрийн эсрэг чадах бүхнээ хийж байгаа ч түймэр аль хэдийн гамшгийн түвшинд хүрээд байгаа учир нэмэлт тусламж авах шаардлагатай болсон тухай бичсэн байна.
Энэ үеэр Франц улсад айлчилж буй Ерөнхийлөгч Дональд Трамп ням гаригт /2018.11.11/ твиттер хуудсандаа “Ойн менежментийг зохистойгоор хэрэгжүүлж чадвал бид Калифорни мужид дэгдээд буй аймшигт түймрийг дарж чадна. Ухаалаг бай” хэмээн жиргэжээ.
Өмнө нь Д.Трамп өгөршиж муудсан хөгшин моднуудыг цэвэрлэсэнгүй хэмээн Калифорни мужийн эрх баригчдыг буруутган санхүүжилтийг зогсооно гэж сүрдүүлж байсан билээ.
Эх сурвалж: Ройтерс
Холбоотой мэдээ