АНУ-д төвтэй Аптайм Институт (Uptime Institute) нь Дата Төвүүдэд гэрчилгээ олгодог олон улсын эрх бүхий байгууллага бөгөөд ХААН Банкны зүгээс өөрийн Үндсэн Дата Төвийнхөө шийдэл, загвар, дизайн, байгууламж/суурилуулалт зэргийг шалгуулахаар Аптайм Институтийг урьж, ажиллуулсан юм.
Өнгөрсөн 2014 оны 8-р сард Аптайм Институтээс ХААН Банкны Үндсэн Дата Төвийн шийдэл, загвар, дизайн нь олон улсын стандартын 2-р түвшиний дата төвийн шаардлагад нийцсэн болохыг баталж, гэрчилгээ олгосон бол 2015 оны 1-р сард тус институтээс дахин олон улсын стандартын 2-р түвшинд нийцсэн байгууламж, суурилуулалт хийгдсэн болохыг баталж, гэрчилгээг олголоо.
Эдгээр гэрчилгээг хүлээн авснаар ХААН Банкны Үндсэн Дата Төв нь Аптайм Институтээс гэрчилгээ авсан Монгол улсын анхны бөгөөд цор ганц Дата Төв болж байгаа юм.
Олон улсад Дата Төвүүдийг тодорхой шалгуурын дагуу 4 түвшинд ангилж үздэг. Эхний хоёр түвшиний дата төвүүдийн хувьд дараах стандарттай байдаг байна.
Үүнд:
Нэгдүгээр түвшин
- Мэдээлэл технологийн тоног төхөөрөмжүүдийн харилцан холболт ямар нэг нөөцгүй буюу дан холболттой. Мөн дэд бүтцийн хүчин чадал, бүрдэл бүхий тоног төхөөрөмж, байгууламжууд нь нөөцгүй (backup-гүй).
Хоёрдугаар түвшин
- Нэгдүгээр түвшиний шаардлагуудыг давж биелүүлсэн,
- 99.741%-ийн бэлэн байдалтай, дэд бүтцийн хүчин чадал, бүрдэл бүхий тоног төхөөрөмж, байгууламжууд нь нөөцтэй (backup-тай).
ХААН Банкны хувьд 2-р түвшиний Дата Төвийн шийдэл, загвар дизайныг гаргах, барьж байгуулах, гэрчилгээ авах ажил 2012 оноос эхэлсэн бөгөөд олон улсын зөвлөх, мэргэжилтнүүд, архитектор, инженерүүдтэй хамтран ажиллаж, загварыг боловсруулан, тоног төхөөрөмжийн суурилуулалт, барилга байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил болсон юм.
Үндсэн Дата Төвийн дэд бүтэц 99.741%-ийн бүрэн ажиллагаатай байна. Улмаар гадаад орчны нөлөөлөл, томоохон осол гэх мэт үүсч болох олон төрлийн гэмтэл, саатал гарсан үед Дата Төвийн цахилгаан, эрчим хүч, хөргүүр зэрэг нь найдвартай ажиллахыг баталгаажуулж байгаа юм.
ХААН Банк нь харилцагчиддаа хамгийн өндөр түвшний бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн төлөө үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан ажилладагийн нэгэн тод жишээ энэ юм. Ийнхүү олон улсын стандартад нийцсэн Дата Төвийг барихад томоохон хөрөнгө оруулалт хийн ашиглалтад оруулан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ авснаар ХААН Банкны харилцагчид найдвартай, тасралтгүй үйлчилгээ авах боломжоор хангагдаж буй юм.
Та бүхэн доорх холбоосоор Аптайм Институтын албан ёсны цахим хуудсанд хандан Монгол улсыг сонгон гэрчилгээг харах боломжтой.