Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, тус газраас явуулсан хяналт шалгалтууд болон шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудын талаар мэдээллээ.
Энэ үеэр Ашигт малтмалын газар /АМГ/-ын олгож буй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг “Хууль зөрчиж байна” гэж мэдэгдсэн нь өнөөдрийн гол дуулианы нэг байв. ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Өрсөлдөөний тухай хууль зөрчиж, тогтоол гаргасан АМГ-ын хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох талаар арга хэмжээг авна гэдгийг онцолсон бол АМГ-ын албаны хүмүүс түүний энэхүү мэдэгдлийг үгүйсгэж байна. ШӨХТГ-ын мэдээллээс харахад ирэх өдрүүдэд лиценз хүсэгчдийн өргөдлийг олгох эсэх нь эргэлзээтэй болж байна. Тиймээс талуудын байр суурийг нэгтгэн хүргэж байна.
ТАЛУУДЫН БАЙР СУУРЬ
ШӨХТГ-ЫН ДАРГА Т.АЮУРСАЙХАН:
-“АМГ нь ямар нэгэн хуулийн зохицуулалтгүйгээр аж ахуй нэгжүүдэд төхөөрөмж 280 мянган төгрөгөөр, цахим системд нэвтрэх эрхийг 500 мянгаас хоёр сая төгрөгөөр худалдсан байсан. Тус газарт дээрх төлбөрийг хураан авах эрх олгосон хүчин төгөлдөр шийдвэр буюу эрх зүйн үндэслэл байхгүй. Ашигт малтмалын тухай хуулинд өргөдөл гаргах эрхийг цахимаар тараах, өргөдлийг цахим дугаарын дагуу хүлээн авч, шийдвэрлэх зохицуулалт байхгүй. Гэтэл АМГ-ын дарга тушаал гаргаж, улмаар аж ахуй эрхлэгчдийн хуулиар олгогдсон өргөдөл гаргах эрхийг хязгаарласан болохыг шалгалтаар тогтоосон. Мөн аж ахуй нэгжүүдийн хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж, үйл ажиллагаа явуулах эрхийг ч зөрчсөн” гэж мэдэгдсэн”.
АМГ-ЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА С.ЦОГЗОЛМАА
-“Манай үйл ажиллагааг хууль бус гэж үзсэн нь ямар ч үндэслэлгүй. Лиценз хүсэгчдийн худалдан авч буй VPN төхөөрөмжийн төлбөр “Аксэнсэ Айти Суппорт” компанийн дансанд орж байгаа. VPN төхөөрөмж нь тус компанийн оюуны өмч тул төхөөрөмжийн мөнгийг тус компанийн дансанд оруулах нь зүйн хэрэг. Харин системд нэвтрэх эрхийн 500 мянгаас хоёр сая төгрөгийн төлбөр төрийн дансанд орж байгаа. АМГ-аас мөнгө авсан, хураасан зүйл байхгүй. ШӨХТГ-аас манайд явуулсан хяналт шалгалтынхаа хариуг мэдэгдэгүй, тайлбар ч аваагүй атлаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл тарааж, хариуцлагагүй үйлдэл гаргаж буйд харамсч байна” гэсэн хариулт өглөө.
Ашигт малтмалын тухай хуулинд өргөдлийн дугаарыг түрүүлж ирсэн аж ахуй нэгжид олгоно гэж заасан байдаг аж. Цахимаар олгож болохгүй, цахимаар олгосон тохиолдолд журам гаргана гэсэн заалт ч байхгүй тул энэхүү цахим дугаар олголтыг хууль бус гэж үзэх боломжгүй гэж АМГ-ын удирдлагууд тайлбарлаж байна.
ЛИЦЕНЗ ОЛГОЛТЫН ҮЙЛ ЯВЦТАЙ ХОЛБООТОЙ БУСАД МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ
Д.ЖАРГАЛ