&#34Сумитомо&#34 Тавантолгойн дэд бүтцэд санхүүжилт хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.02.11-нд нийтлэгдсэн

&#34Сумитомо&#34 Тавантолгойн дэд бүтцэд санхүүжилт хийнэ

Японы Сумитомо групп нүүрсний гуравдагч зах зээлийг хариуцаж, Тавантолгой төслийн дэд бүтцэд санхүүжилт хийнэ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадаад оронд хийх анхны албан ёсны айлчлалаа. Японоос эхлүүлсэн нь эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг давахад бага ч болов гэгээтэй мэдээ боллоо. Өмнө нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа Японоос ирэх зээл, тусламжаар голцуу хэмжигдэж байсан бол өдгөө “Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулагдсанаар бид Япон улстай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаа эхлүүлэх суурь тавигдлаа. Энэ хэлэлцээр манай улсын хувьд анхных бол Япон улс 15 дахь оронтойгоо эдийн засгийн хэлэлцээр үзэглэж буй нь энэ юм.

Түрүүчээсээ тус улсын өмнөө барьдаг томоохон корпорациудын нэг Сумитомо групп манай Тавантолгойн төслийн хөрөнгө оруулагч консорциумын гишүүнээр ажиллаж байгаа. Ингэхдээ Тавантолгойн амин сүнс болсон төмөр зам, дэд бүтцийн санхүүжилт болон нүүрсний 3-дагч зах зээлийн асуудлыг хариуцаж байгааг тус группын Ерөнхий захирал К.Накамүра Ерөнхий сайдад албан ёсоор дуулгасан.

Коксжих нүүрсний хэрэглээгээр дэлхийд 2-т бичигддэг Япон улс Тавантолгойд хамтрах болсон нь бидний хувьд нэн сайн нөхцөл. Тэр дундаа Япон гэлтгүй Номхон далайн зах зээлд коксжих нүүрсний тээвэр, борлуулалтын цогц сүлжээтэй Сумитомо групп орж ирсэн нь олзуурхууштай. Япон улсын хувьд уул уурхайн салбарт Монголтой хамтран ажиллах сонирхолтойгоо эртнээс илэрхийлж байсан. Тухайлбал 2013 онд гэхэд:

  • Монгол Улсаас хямд, чанар сайтай нүүрсийг тогтмол худалдан авах
  • Тавантолгойн ордод хөрөнгө оруулах замаар орд ашиглалтад оролцох
  • Монгол Улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр худалдааны хамтарсан компани байгуулах зэргээр санал тавьж байжээ.

Гэхдээ Японы талаас болгоомжлол, шүүмжлэлтэй ханддаг зүйлсээ ч Ерөнхий сайдад ний нуугүй хэлсэн байна. Энэ бол Монгол Улсын хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчин найдалтгүй, тогтворгүй байдаг явдал. Үүнийг зөвхөн япончууд ярьдаггүй, Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гадны хөрөнгө оруулагчдын амнаас байнга гардгийг дурдах нь зүйтэй.

Ямартай ч энэ бүгдийн хариулт болгож Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японы бизнесүүдийг Монголд хөрөнгө оруулах боломжоор хангаж, дэмжинэ гэдгээ мэдэгдсэн. “За гэвэл ёо-гүй” ханддаг, нягт няхуур Японы ард түмний итгэлийг дааж, ярьснаасаа эргэж буцахгүйгээр, хэн хэндээ харилцан ашигтай ажиллаж чадна гэдгээ Монгол Улс одоо харуулах л үлдэж байна.

Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж