Өвөрмонголын зохиолч Бүрэнтөгсийн Тогтомжийн "Харанхуйд цэнхэртэхүй" номын нээлт өнөөдөр боллоо. Номын нээлтэд "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Б.Галсансүх, Утга зохиол судлаач, шүүмжлэгч, хэл бичгийн ухааны доктор П.Батхуяг, Өвөрмонголын алдарт яруу найрагч Шарайд Дүүрэнжаргал болон бусад хүндтэй зочид олноор хүрэлцэн ирсэн юм.
Б.Тогтомж нь Өвөр Монголын Шилийн гол аймгийн Сөнөд баруун хошууны зохиолч юм. "Харанхуйд цэнхэртэхүй" бүтээл нь шүлгийн ном бөгөөд крилл үсгээр гаргаж байгаа түүний анхны бүтээл юм. Сүүлийн үед Өвөрмонголын уран бүтээлчид крилл үсгээр ном гаргах нь олширч байгаа талаар тэрбээр онцолж байлаа. Түүний хэлснээр сүүлийн үед арваад уран бүтээлч крилл үсгээр ном бүтээлээ туурвин, уншигчдад хүргээд байгаа ажээ.
Зохиолч Б.Тогтомжтой уран бүтээлийх нь талаар товч ярилцлаа.
-Та номын нээлтийн талаар сэтгэгдлээ хуваалцаач?
-Сэтгэгдэл маш өндөр байна. Энэ номоор дамжуулан Монголын уншигчдадаа өөрийн дотор байгаа санаа бодол, мөрөөдлийг уудлахыг хүссэн юм. Крилл үсгээр ном гаргана гэж би их хүсдэг байсан. Тэр мөрөөдөл маань биелж байна.
-Цаашдаа крилл үсгээр уран бүтээл гаргах төлөвлөгөө байгаа юу?
-Байгаа. Байлгүй яахав. Өвөрмонголын зохиолчдын бүтээл крилл үсгээр гарснаар хоёр орны ард түмэн ном бичгээр харилцан ойлголцож, нэгдэх бүрэн боломжтой шүү дээ.
-Номоо яагаад "Харанхуйд цэнхэртэхүй" гэж нэрлэсэн бэ?
-Монгол ард түмэн маань хөх цэнхэр өнгийг шүтэн дээдэлж ирсэн. Үүнийг бодон, харанхуй муу бүхэн дундаас хөх цэнхэр өнгө шиг мандан гарч ирэхийг билэгдэж, энэ нэрийг өгсөн.
Б. БИЛГЭЭ