Судар бичгийн хүрээлэнгийн анхны байр

Хуучирсан мэдээ: 2015.02.11-нд нийтлэгдсэн

Судар бичгийн хүрээлэнгийн анхны байр

Цэвдэг судлал – Permafrost

Түүхэн замнал: 1924 онд манай улсын шинжлэх ухааны анхны байгууллага болох Судар бичгийн хүрээлэнд газарзүйн тасаг байгуулснаар эх орныхоо газарзүйг шинжлэх ухааны онол аргазүйн үүднээс судлах ажлын эхлэлийг тавьжээ.

1946-1947 онд Москвагийн улсын их сургууль төгссөн анхны үндэсний газарзүйчид (Д.Бадамжав, Ш.Цэгмид, Г.Сандагжав) газарзүйн тасагт ажиллаж эхэлсэн бөгөөд 1952 онд УБИС-д, 1956 онд МУИС-д Газарзүйн тэнхмүүд байгуулагдаж мэргэжлийн боловсон хүчнийг системтэй бэлтгэх болсон явдал тус улсад газарзүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, газарзүйн мэдлэг боловсролыг дэлгэрүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм.

1962 оны 7-р сард ШУА-ийн байгалийн ухааны хүрээлэнд харьяалагдаж байсан Газарзүйн тасаг, цэвдэг судлалын төв станц, геологийн группийг нэгтгэн ШУА-ийн ерөнхийлөгчийн тушаалаар Газарзүй Цэвдэг Судлалын Хүрээлэнг анх байгуулж захирлаар нь Ш.Цэгмид, эрдэмтэн нарийн бичгийн даргаар нь Д.Бадамжавыг томилжээ. Тус хүрээлэнг үүсгэн байгуулахад байгаль судлаач, нэрт соён гэгээрүүлэгч О.Намнандорж, геологич Ш.Цэвэг нарын ахмад эрдэмтэд санаа тавин оролцож байснаас гадна цэвдэг судлалын тасгийг Н.Лонжид, эдийн засгийн газарзүйн тасгийг Т.Норжмаа, физик газарзүйн тасгийг Ж.Цэрэнсодном, картографийн тасгийг Д.Базаргүр нар хариуцан тэргүүлж тус тусын чиглэлийг амжилттай хөгжүүлэх үндэс суурийг тавьсан юм. Тус хүрээлэнгээс физик газарзүйн чиглэлээр явуулж ирсэн судалгаа шинжилгээний ажлын дүнд анх удаа Монгол орны байгалын болон уур амьсгал, геоморфологийн мужлалын схем зохиож нийт нутаг дэвсгэрийн гадаргын усны нөөц, балансын бүрдэл, чийг дулааны хангамжийг тодорхойлон, гандуу нутгийн экосистемийн хувьсал өөрчлөлтийн зүй тогтлыг илрүүлж, цөлжилтийн үйл явцаас хамгаалах арга замыг боловсруулсан байна. Үүний зэрэгцээ байгалийн нөөц баялагыг зохистой ашиглах, орчны бохирдлын хэтийн төлөвийг тодорхойлох норматив аргыг боловсруулж түүний дагуу Монгол орны экологи-эдийн засгийн гурван шатлалт мужлалтын схем үйлдсэн болно.Одоо тус улсын нөөц болон дархан газрын сүлжээ байгуулах, аялал жуулчлал, амралт сувилалыг хөгжүүлэх үүднээс байгалийн нөхцөл нөөцөд үнэлгээ өгөх, байгаль цаг уурын гамшигт үзэгдэлтэй тэмцэх зэрэг олон асуудлаар шинжлэх ухааны үндэслэл боловсруулах чиглэлээр судалгаа явуулж байна.Цэвдэг судлалын чиглэлээр өмнө нь судлаачдын төдийлөн хөндөж байгаагүй монгол орны улирлын болон олон жилийн цэвдгийн тархалт, гүн, зузаан, температурын горимын талаар үнэ цэнтэй дүгнэлт хийж хэд хэдэн төрлийн мужлалын схем, олон тооны зураг зөвлөмж, норм норматив боловсруулсан байна. Үүний дүнд тус улсад барилга байгууламжийг цэвдэгт үзэгдлийн нөлөөллөөс хамгаалах, түүнчлэн хүйтний энэ их нөөцийг үр ашигтай ашиглах талаар томоохон алхам хийж улмаар дэлхийн бөмбөрцгийн хойт хагас дахь цэвдэгт үзэгдлийн тархалт, хувьсалт, өөрчлөлтийн зүй тогтлыг илрүүлэхэд зохих хувь нэмэр оруулсан бөгөөд мөсөн хөргөлттэй чулуун зоорийн зураг, технологи боловсруулан үйлдвэрлэл практикт нэвтрүүлснээр улсад 100-гаад сая төгрөгийн үр ашиг оруулжээ.Хөрсний газарзүйн чиглэлээр монгол оронд тархсан бүх төрлийн хөрсийг ангилах, оношлох асуудлыг үндсэнд нь шийдвэрлэж хөрсний ангилал боловсруулан шинжилгээ, сургалтын практикт нэвтрүүлсэн байна. Үүний зэрэгцээ Монгол орны хөрсний 1:3 000 000, 1:2 500 000, 1:1 000 000 масштабтай зургуудыг хэвлүүлж монгол орны хөрс-газарзүйн мужлалтыг зохиожээ.

Түүнчлэн голлох хэв шинжийн хөрсний үржил шим, чийг, дулааны болон шим тэжээлийн бодисын горим, ус-физик шинжийг суурин аргаар нарийвчлан судлаж тэдгээрийн олон жилийн ба улирлын хувьсал өөрчлөлтийг илрүүлсний зэрэгцээ тариалангийн эдэлбэр газрын хөрсний ялзмагийн алдагдлын хэмжээг тогтоосон байна. Мөн бүх төрлийн хөрсний нөөцийн хэмжээг аймаг, сум бүрээр тодорхойлж, тэдгээрийн чанарын үнэлгээг өгчээ. Хөрсний газарзүйн судалгааны эдгээр үр дүн нь тус улсад хөрсний нөөцийг зохистой ашиглах, хамгаалах шинжлэх ухааны үндэслэл болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой. Зурагзүйн чиглэлээр явуулж ирсэн судалгааны дүнд судалгаа, сургалтын зориулалттай атлас, сэдэвчилсэн зураг олон аравыг зохиосон бөгөөд эдгээрээс байгаль, нийгэм-эдийн засгийн 280 гаруй зургийг агуулсан “БНМАУ-ын үндэсний атлас” нь шинжлэх ухаан практикийн чухал ач холбогдолтой бүтээл болжээ. Нийгэм-эдийн засгийн газарзүйн чиглэлээр явуулж ирсэн судалгааны дүнд тус улсын эдийн засгийн газарзүйн болон хөдөө аж ахуй, мал аж ахуй, тээврийн газарзүйн давхар шатлалт мужлалтын схем анх удаа боловсруулж, үйлдвэрлэх хүчний хөгжил, байршлыг боловсронгуй болгох үүднээс байгалийн нөхцөл, нөөцөд иж бүрэн үнэлгээ өгч олон тооны зураг, зөвлөмжийг боловсруулан үйлдвэрлэл практикт шилжүүлсэн нь үр ашгаа өгсөн байна. Өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгээс 50 шахам эрдэмтэн төрсөн бөгөөд үүнээс академич 3, шинжлэх ухааны доктор 6, төрийн шагналтан 2, шинжлэх ухааны тэргүүний ажилтан 10 гаруй байна.Өнөөгийн Монголын газарзүйн шинжлэх ухаан физик газарзүй, нийгэм-эдийн засгийн газарзүй, хөрс судлал, цэвдэг судлал, нуур судлал, нүүдэлч малчдын газарзүй, газарзүйн мэдээллийн систем, зураг зүй зэрэг суурь судалгааны салбаруудтай эх орныхоо хөгжил, эрдэм оюуны сан хөмрөгт жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн шинжлэх ухааны бие даасан томоохон салбар болон хөгжжээ.Эдгээр жилүүдэд ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн удирдлага захиралаар Ш.Цэгмид /1962-1988/, С.Жигж /1988-1994/, Д.Доржготов 1994 оноос хойш одоог хүртэл, эрдэмтэн нарийн бичгийн даргаар Д.Бадамжав, Д.Батсүх, Ж.Нацаг, Д.Батбаяр, С.Батсуурь, Н.Батнасан, Д.Түвшинжаргал, Ж.Оюунгэрэл, С.Энх-Амгалан нарын эрдэмтэд ажиллаж иржээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж