&#34Шударга ёс&#34 эвсэл 2 гол асуудлаар завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2015.02.11-нд нийтлэгдсэн

&#34Шударга ёс&#34 эвсэл 2 гол асуудлаар завсарлага авлаа

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Үдээс өмнөх хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны дарга, АТГ-ын дэд даргыг томилсон бол Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслүүдээр “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

Өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд багтсан Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолыг төслүүд дээр намын бүлгүүд байр сууриа нэгтгэх боломж олгож түр хойшлууллаа.

Харин маргаашийн чуулганы хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм байна.


ХУРАЛДААНЫ ТОЙМ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Үндэсний статистикийн хорооны даргад С.Мэндсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 90.6 хувийн саналаар дэмжлээ. Тэрбээр ирэх зургаан жилд Үндэсний статистикийн хороог даргалах  болж байна.


Чуулганаар үргэлжлүүлэн АТГ-ын дэд даргаар Цээсүрэнгийн Нямдоржийг томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 80.4 хувийн саналаар дэмжив. АТГ-ын дэд даргыг томилох үед гишүүдийн зүгээс АТГ хүний эрхийг зөрчих, удаан хугацаагаар хорихдоо байцаалт мэдүүлэг авахгүй байх, улстөрчдийн захиалгаар хэрэг үүсгэж цагдан хорих зэрэг гажуудал байгааг  шүүмжилж,  хараат бусаар ажиллахыг  захилаа.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-“Хардлага сэрдлэг ихтэй хүнд албанд очиж байгаа залуу хүнд амжилт хүсээд хэдэн зүйл захимаар байна. АТГ улстөрийн зорилгоор  хүнийг  хорьж цагдах нь эрээ цээргүй болсон. Би хэдэн тодорхой жишээ хэлье. 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр  Ц.Анандбазарыг хорьж, сонгуулийн дараа сулласан. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн  Ё.Отгонбаярын эхнэрийн дансанд их хэмжээний мөнгө эргэлдсэн гэж гүтгэж олон нийтийг төөрөгдүүлэн санал авсан. Хэрэг нь шалгагдаад хэрэгсэхгүй болсон.  Сая Н Н.Алтанхуягийг огцрохын өмнөх өдөр АТГ мэдэгдэл хийсэн. Энэ бүхнийг улстөрийн зорилгоор зохион байгуулсан. Ийм ажиллагаанд хэрхэвч автаж болохгүй. Энэ том дарга нараас хол байгаарай гэж захъя” гэсэн юм.

Тус газрын дэд даргын албан тушаалд төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жилийн хугацаанд улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй иргэн байх ёстой гэсэн хуулийн заалттай. Нэр дэвшигч Ц.Нямдорж нь 2013 оноос газрын Гүйцэтгэх албаны даргаар ажиллаж байгаа аж.


УИХ-ын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ ажлын тав хоногийн завсарлага авч байгааг мэдэгдлээ. Эвслийн бүлэг “Улс орны эрх ашигтай холбоотой асуудлыг сар шинийн өмнө яаран батлах шаардлагагүй. Асуудалд долоо хэмжиж, нэг огтол гэсэн зарчмаар хандаж байгаа учраас завсарлага авч байна” гэж шалтгаанаа тайлбарлалаа.

Түүнчлэн Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлтэл “Шударга ёс” эвслийн бүлэг “Гацууртын ордыг ашиглах нь эдийн засгийн хүндрэлээс гарах нөхцөл болж чадах эсэхийг нягталж, асуудалд нухацтай хандах шаардлагатай” хэмээн үзэж, тав хоногийн завсарлага авлаа. Эвслийн бүлгийн зүгээс “Гацууртын ордыг ашиглах асуудлыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй” гэж үзэж байгаа аж.

Ингэснээр дээрх хоёр асуудлыг намрын чуулганд багтаан хэлэлцэхэд хүнд болж байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж