Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, ахмад Ц.Отгонхүүгээр ахлуулсан аврагч, гал сөнөөгчид ОХУ-ын Онц байдлын яамны Өвөрбайгалийн хязгаар дах Чита хотын Онц байдлын удирдах газрын харьяа сургалт бэлтгэлийн төвд “Аврагч, гал сөнөөгчдийн 11 дэх удаагийн мэргэшүүлэх сургалт”-д суралцаад ирлээ.
Сургалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг, нийслэлийн Багануур, Налайх дүүргийн Онцгой байдлын газар, хэлтсийн 16 алба хаагч хамрагдсан юм.
Сургалтаар ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар дахь Чита хотын Гал түймэр унтраах болон аврах ангиудын ажлын байр, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх орчин нөхцөл болоод гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглагдаж байгаа гал унтраах үндсэн, албаны, тусгай зориулалтын, шуурхай албаны автомашин, аврах ажиллагааны тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон автомашин, техник, хэрэгсэлтэй танилцлаа.
Мөн гал унтраах онолын болон сэтгэл зүйн бэлтгэлийн дадлага сургуулилт хийх, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах, химийн болон цацрагийн аюулаас хамгаалах баг, өмсгөлийг дүрмийн дагуу өмсөж тайлах, онолын болон дадлага сургуулийг хийлээ гэж Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ