АНЭУ-ын Дубай хотын цагдаа нар дэлхийн аль ч улсын цагдаа нарын хэрэглэдэггүй Бугатти, Ламборгини зэрэг тансаг унааг хэрэглэдгээрээ алдартай билээ. Харин тэд ойрын ирээдүйд нисдэг мотоциклийг хэрэглэдэг болохоор бэлтгэл хийж байгаа юм байна.
2017 онд Дубайн цагдаагийн газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан АНУ-ын Калифорнид төвтэй Ховерсурф компани жилийн өмнө болсон GITEX хэмээх технологийн үзэсгэлэнгийн үеэр нисдэг мотоциклийг анх танилцуулж байсан билээ. Тус нисдэг мотоциклийг цагдаа нар хэрэглэхэд илүү хялбар болгохын сацуу хүчин чадлын хувьд сайжруулахаар ажиллаж байгаа бөгөөд 2019 оноос эхлэн олноор үйлдвэрлэж эхлэх ажээ. Мотоциклийн эх биеийг хөнгөн цагаанаар хийсэн бөгөөд 114 кг жинтэй байна.
Дубайн цагдаагийн газрын хиймэл оюун ухааны тасгийн дарга Бригадиер Халид Нассер Алразоокигийн хэлснээр нисдэг мотоцикл нь хүрэхэд хэцүү газруудад түргэн шуурхай очих хамгийн дэвшилтэт шийдэл байх ажээ. Түүний хэлснээр, 2020 оноос эхлэн Дубайн цагдаа нар нисдэг мотоциклтой ажил үүргээ гүйцэтгэдэг болох гэнэ.Тиймээс зарим цагдаа нарыг нисдэг мотоцикл унаж сургах бэлтгэлд хамруулж эхэлсэн бөгөөд тэдний сургуулилтын зарим бичлэг нь Youtube сувагт хэдийн тавигдсан байна.
Одоогийн цөөн тооны хүмүүсийг тус сургалтад хамруулж байгаа боловч ойрын хугацаанд тоог нь эрчимтэй нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм. Түүнчлэн тус мотоциклийг Дубайн цагдаа биш энгийн иргэн ч хэрэглэх боломжтой бөгөөд зах зээлийн үнэ нь 150 мянга орчим ам.доллар байна. Ховерсурф компанийн мэдэгдсэнээр нисдэг мотоциклийг унахад заавал нисгэгчийн үнэмлэх шаардлагагүй ажээ.
Харин нисдэг мотоциклийн дутагдал нь батарейны чадамж бөгөөд компанийн зүгээс түүнийг сайжруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Тэд цагдаа нарын олон цагаар ажилладгийг бодолцон батарейг хийх материалыг сольж, хэмжээг нь томруулснаар олон цаг нисэх боломжийг олгох юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ