Үндэсний супер лигийн II тойргийн тоглолтууд Спортын төв ордонд үргэлжилж байна. Өчигдөр буюу хоёрдугаар 9-ний өдрийн тоглолтын мэдээллээс хүргэе.
ИХ ӨРГӨӨ АРАВТУУД VS СЕНТОЗА АРСЛАНГУУД 88:83
SBL ХАСЫН ХҮЛГҮҮД VS МОН-АЛТИУС МАДИМОС ШОНХОРУУД 114 – 109
SBL ХАСЫН ХҮЛГҮҮД 114 – 109-ийн харьцаатай МОН-АЛТИУС МАДИМОС ШОНХОРУУД багийг хожлоо
Хоёр багийн нэгдүгээр тойргийн тоглолтод "Мон-Алтиус Мадимос Шонхорууд" 108:106-ын харьцаатай хожоод байсан. Тус хожлыг авах үед тэдний бүрэлдэхүүнд Смүш Паркер, Куинси нар байгаагүй. Харин энэ удаа тэд бүр хүчтэй бүрэлдэхүүнтэй өчигдрийн тоглолтод оролцсон. Тэгвэл Хүлгүүд бүрэлдэхүүндээ бараг өөрчлөлт оруулаагүй юм. Тэд сүүлийн гурван тоглолт дараалан ялалт авчихсан, багийн ахлагч Б.Билгүүний бэртэл зуун хувь эдгэрэн бүх оддын тоглолтын өмнөөс формондоо эргэн ороод байсан.
Тоглолтыг SBL Хасын Хүлгүүд сайн эхлүүлж 10 оноо авсан бол. Шонхорууд нэг ч оноо авч чадаагүй эхлэлийг хийлээ. Гэхдээ Шонхорууд энэ байдлыг удаалгүй хамгаалалт болон довтолгоон дээр жигд байж тооны зөрүүг ойртуулж чадсан. Улмаар тоглолтын эхний хагас 52-47-ийн харьцаатай "SBL Хасын Хүлгүүд"-ийн илүүтэй өндөрлөсөн. Эхний хагаст Хүлгүүдээс Б.Билгүүн 17 оноо авч 70 хувьтай довтолгоо гүйцэтгэсэн. Шонхоруудаас Смүш Паркер 12 оноо авсан бол Т.Санчир 7 оноо авч 18 хувьтай довтолсон.
Тоглолт Үндэсний Супер лигийн бусад тоглолтуудын адилаар дөрөвдүгээр үеийн төгсгөлд шийдэгдсэн. Шийдвэрлэх үед Хүлгүүдэс төвийн тоглогч Пил Жонес зургаан хувийн алдаа гарган тоглолтын төсгөлийг сэлгээний сандлаас үзэх болсон. Ингээд багууд ээлж дараалан оноо авсаар тооны харьцаа 112-109 Хүлгүүд тэргүүлж байгаа 16.3 секундын хугацаа үлдсэн үед Шонхорууд минутын завсарлага авсан.
Ингээд Шонохоруудын сонгосон хувилбар оновчгүй болж SBL Хасын Хүлгүүд баг тоглолтыг 114:109-ийн харьцаатай ялалт байгууллаа. Тус тоглолтод Хүлгүүдээс Б.Билгүүн 46 оноо авч 65.4%-тай довтолсон, Маркус Хэммондс 30 оноо 8 самбар, М.Отгонмөнх 13 оноо, О.Сэргэлэн 10 оноо 7 оновчтой дамжуулалт хийсэн. Харин Мон-Алтиус Мадимос Шонхоруудаас Т.Санчир 39 оноо 6 самбар, А.Гансүх 24 оноо, 5 оновчтой дамжуулалт, Смүш Паркер 17 оноо, 8 оновчтой дамжуулалт өгсөн.
Үндэсний Супер лигийн багуудын чансааны хүснэгтийг SBL Хасын Хүлгүүд баг 9 хожил 5 хожигдолтой тэргүүлж эхэлсэн бол Мон-Алтиус Мадимос Шонхорууд 8 хожил 7 хожигдолтойгоор чансааны тавдугаар байрт бичигдэж эхэллээ.
АРАВТУУД ЧУХАЛ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА
ИХ ӨРГӨӨ АРАВТУУД VS СЕНТОЗА АРСЛАНГУУД 88:83
Энэ өдрийн хоёр дахь тоглолт "Их Өргөө Аравтууд" болон "Сентоза Арслангууд" багуудын хооронд боллоо. Плэй-Оффын сүүлийн байрлалуудад бичигдэж байсан тус хоёр багт хожил маш үнэ цэнэтэй байсан юм. "Сентоза" сүүлийн гурван тоглолтондоо дараалан ялалт байгуулж, хүснэгтийн 8-р байранд бичигдэж байсан бол Аравтууд сүүлийн тоглолтуудаа тааруу хийж, 7-р байр руу унаад байсан. Хэрэв Арслангууд хожил байгуулбал Аравтууд Плэй-Оффын сүүлийн байр руу унах аюултай, чухал тоглолт боллоо.
Ингээд тоглолтын эхнээс Аравтууд санаачлагыг гартаа авч, ээлж дараалсан довтолгоогоо амжилттай болгож байсан бөгөөд энэ үед Арслангуудын дасгалжуулагч Ж.Отгондарь завсарлага захиалж, багтайгаа ярилцсаны эцэст өөрсдийн тоглолтоо эргүүлэн олж авч чадсан. Гэхдээ Аравтууд оноогоор илүү явсаар л байсан бөгөөд эхний хагаст Dean Hadley гайхалтай байж 17 оноогоор багаа тэргүүлэн дуусгасан бол, Батбямба мөн эхний хагасыг сайн тоглолтоороо өндөрлүүлсэн. Арслангуудаас эхний хагаст Крис Лаусон тун тааруу байж нэг ч оноог аваагүй ч, 7 самбар, 8 дамжуулалт өгсөн байсан юм. Б.Батзолбоо, О.Нямбаяр нар эхний хагаст багаа чирсэн гэхэд болно.Харин хоёрдугаар хагас эхлэхэд Аравтууд довтолгоондоо бүр ч илүү тоглож эхэлсэн бөгөөд Мөнхтүвшин, McCoy нар тун сайн байсан юм. 3-р үед сайн тоглолт үзүүлж чадсан Аравтууд бага зэрэг тайвширсан мэт тоглолтыг үзүүлж эхэлсэн нь Арслангуудад сэргэлт авах боломж болсон. Арслангууд тоглолтын 4-р үед урагшаа шахсан хамгаалалтыг үзүүлж, нэхэлтийг сайн хийж байсан нь үр дүнгээ өгч, тооны зөрүүг ойртуулж эхэлсэн. Мөн эхний хагаст тааруу байсан Крис Лаусон довтолгоонд идэвхитэй оролцож эхэлснээр 4-р үеийн эхэн хэсэгт Трипль-Дабль хийж чадсан. Лаусон энэ улиралд 6 дахь Трипль-Дабль хийсэн нь энэ байлаа. Гэхдээ түүний энэ үзүүлэлтээс илүү баг хожих нь чухал байсан ч Арслангуудад оноог тэнцүүлэх хангалттай хугацаа байсангүй. Аравтууд ч торгуулийн шидэлтүүдээ сайн гүйцэтгэснээр 88:83 харьцаатай ялалт байгуулж, улирлын 8 дах ялалтаа байгуулж, хүснэгтийн 7-р байраа хадгалан үлдлээ. Харин Арслангууд одоогоор 8-р байрт бичигдэж байгаа ч Харцага бага тэднээс тоглолт дутуу байгаа учир 1 хожил байгуулахад л тэдний дээр бичигдэх аюултай болоод байна.