Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны /СЕХ/ гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвслийн бүлэг байр сууриа нэгтгээгүй, мэдээлэлгүй байсан гэх шалтгаанаар ажлын тав хоногийн завсарлага авсан. Сонгуулийн ерөнхий хорооны есөн гишүүний тавыг байнгын хороо, хоёрыг Ерөнхийлөгч, хоёрыг Дээд шүүхээс санал болгож зургаан жилийн хугацаатай томилдог. Өмнөх гишүүдийн зарим нь ажлаасаа чөлөөлөгдсөн тул нөхөн томилохоор болсон аж. УИХ-ын гишүүн Н.Энхболд СЕХ-ны гишүүнд УИХ-ын гишүүн асан, МХЕГ-ын даргаар ажиллаж байсан Р.Содхүү, УИХ-ын тамгын газрын зөвлөхөөр ажиллаж байгаа н.Болдсайхан нарыг дэвшүүлж байгаагаа танилцуулсан юм.
С.ОТГОН