Дипломатч Б.Жаргалсайханы мэндэлсний 100 жилийн ой тохиов

Хуучирсан мэдээ: 2015.02.10-нд нийтлэгдсэн

Дипломатч Б.Жаргалсайханы мэндэлсний 100 жилийн ой тохиов

Төр нийгмийн зүтгэлтэн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Баярын Жаргалсайханы мэндэлсний 100 жилийн ой, Ялтын бага хурлын 70 жилийн ойд зориулсан “Монгол улсын тусгаар тогтнол ба дипломат ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Гадаад хэргийн яамны зөвшилцөл танхимд боллоо.

Б.Жаргалсайхан нь гадаад харилцааны салбарт олон жил ажилласан. Манай улсаас НҮБ-ын дэргэд суугаа анхны Байнгын төлөөлөгч, БНХАУ, БНСЧСУ, БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, БНМАУ-ын Гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд, сайдын албыг хашиж байсан нэрт дипломатич юм. Тэрбээр БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, Ус цаг уурын газрын дарга, Монголын уран зохиолчдын холбооны нарийн бичгийн дарга, түүнчлэн БНМАУ-ын АИХ-ын депутатаар таван удаа сонгогдож, АИХ-ын даргаар ажиллаж байжээ. Түүнийг 20-р зууны Монголын төр улс орныхоо тусгаар тогтнолыг улс төр, дипломатын аргаар бэхжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэх талаар асар ихийг хийсэн нэгэн гэж үздэг. Үүний дотор Монгол улсыг НҮБ-д элсүүлэх, өмнөд хөрштэй тэгш эрхийн үндсэн дээр харилцах, дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед хойд хөрштэйгээ харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх, өрнөдийн болон хөгжиж байгаа орнуудтай харилцаа холбоо тогтооход их хувь нэмэр оруулсан байна.

Энэхүү түүхт үйл явдлыг тохиолдуулан хийж байгаа эрдэм шинжилгээний бага хуралд “Төр, нийгэм, дипломатийн нэрт зүтгэлтэн Б.Жаргалсайхан” сэдвээр МУСГЗ Т.Төмөрхүлэг, “Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Б.Жаргалсайхан” сэдвээр ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн захирал доктор С.Чулуун нар илтгэл тавьлаа. Мөн “Ялтын бага хурал ба Монгол улс”, “Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалт”, “Ялтын тогтолцоо ба орчин” үе сэдвээр илтгэл тавьж, Завсарлагааны үеэр хуралд оролцогчид Б.Жаргалсайханы амьдрал, ажил үйлстэй болон Ялтын бага хурал, Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой гэрэл зургийг үзэж сонирхлоо.

1945 оны 2-р сарын 4-нөөс 11-ний өдөр Ялагч гурван гүрний уулзалт Ялтад болов

Энэ бага хурлаар холбоотон гүрнүүд Гадаад Монгол /БНМАУ/-ын статус –квог хэвээр хадгалахаар тохирчээ.

Тодруулбал 1945 оны 2 дугаар сарын 04-11-ны өдрүүдэд Ялта хотноо И.Сталин, Ф.Рүзвэлт, В.Чөрчилл нар дайны дараа Германыг эзлэн захирах , Германы ард түмэнд туслалцаа үзүүлэх, тус улсын зэвсгийг хураах, дайны гэмт хэрэгтнүүдийг шүүх, ирээдүйд байгуулагдах НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд санал хураах горимыг тогтоох, зүүн Европын ялагдсан болон чөлөөлөгдсөн улсуудын цаашдын хувь заяаг шийдвэрлэх, Германаас дайны төлбөр гаргуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байдаг аж.

1945 оны 10 -р сарын 20-нд Монголын тусгаар тогтнолын асуудлаарх нийтийн санал хураалт БНМАУ даяар болов

Ялтын бага хурлын үеэр гаргасан шийдвэрийн дагуу 1945 оны 8-р сарын 14-нд ЗХУ, Дундад иргэн улсын /ДИУ/-ын Засгийн газар “Японыг ялагдсаны дараа БНМАУ-ын хүн ам тусгаар тогтнох эрмэлзлээ баталбал Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрөх”-өөр тохиролцсон байв. Тохиролцсон ёсоор бүх нийтийн санал асуулга явуулахаар болсон байдаг. БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн 1945 оны 9 -р сарын 21-ний өдрийн 76-р хурлаас бүх ард түмний тусгаар тогтнолын санал хураалтыг 1945 оны 10-р сарын 20-ны өдөр явуулах, санал хураалтын ажлыг зохион байгуулах улсын төв комиссыг томилжээ. Санал хураалтад сонгуулийн насны 494,960 хүн оролцох ёстойгоос 487,409 хүн буюу 98,5 хувь нь оролцож, тусгаар тогтнолоо батлан зөвшөөрсөн байдаг. Монголын бүх ард түмний санал хураалт нь Монголын ард түмэн, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа нэгэн дуугаар зөвшөөрөн хүлээсэн, өөрсдийн чин хүсэл эрмэлзлээ дэлхий дахинаа нотлон харуулсан түүхэн чухал үйл хэрэг байсан гэж эрдэмтэн судлаачид үздэг юм байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж