Эмнэлэг, сургууль хувьчлахыг дэмжихгүй гэв

Хуучирсан мэдээ: 2015.02.10-нд нийтлэгдсэн

Эмнэлэг, сургууль хувьчлахыг дэмжихгүй гэв

МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж зургаан асуудал хэлэлцсэн байна. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын хүрээнд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн зүгээс Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-аар зайлшгүй хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Учир нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед баталсан эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн 100” хөтөлбөр бодит хөрсөн дээрээ буугаагүйгээс үр дүнгээ өгөөгүй, тухайн Засгийн газарт хариуцлагыг нь тооцсон. Тиймээс шинээр хямралыг давах тогтоол батлах ёстой гэх байр суурь илэрхийллээ.

Түүнчлэн энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөлд тусгагдсан нийгмийн салбарын өмчийг хувьчлах асуудлыг дэмжихгүй гэдэг дээр нэгдсэн байна. Тодруулбал Монголын үндэсний дээд сургууль, ШУТИС, МУИС, ЭМШУИС, МБИС, I, II, III эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэгт менежментийн хувьчлал хийхээр оруулж ирснийг эсэргүүцэж байгаа аж. Учир нь нийгмийн салбарыг хувьчилснаар ард иргэдэд хүрэх үйлчилгээний хөлс хэд дахин өснө гэж үзжээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Намрын чуулган 10 сараас эхлэн хуралдсан. Өнөөдөр чуулган завсарлахад хэдхэн хоног үлдээд байхад өмч хувьчлал, эдийн засгийн чухал ая холбогдолтой олон асуудлыг бөөнөөр нь давхцуулан оруулж ирсэн нь ямар учиртай юм бэ. МАН засагт хамтрахдаа Засгийн газраас оруулж ирсэн санал санаачлагыг дэмжээд, хууль эрхзүйн орчныг бүрдүүлнэ гэсэн ч улс орны язгуур эрх ашигтай холбоотой асуудал дээр хянуура хандана” гэсэн юм.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж